С.Амарсайхан: 1072 хувьцааны ногдол ашгийг 2024 онд олгоно
2023-12-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ бол маш чухал асуудал. Үндсэн хуулийн чухал заалт амилах гэж байна. Энэ тогтоол батлагдсанаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эзэмшинэ. Мөн хувьцаагаа зарсан иргэд буцаан авах боломж бүрдэнэ. Дараагийн чухал асуудал нь хувьцааны ногдол ашгийг авдаг болно. Ногдол ашгийг олгохдоо ЭМД, НД, сургалтын төлбөр, ипотект суутгах, хадгалах зэргээр уян хатан баймаар байна. Үүнийг яаж зохицуулах вэ?

 

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн хуульд газрын баялгаас иргэдэд тэгш хуваарилах Үндсэн хуулийн агуулга орж байгаа. Гэхдээ аль болох бэлэн мөнгө тараахгүй, хуримтлалыг дэмжих чиглэлээр. Хүний хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууцтай болохыг дэмжиж, хуримтлалыг өсгөх чиглэлээр хуульд тусгагдсан.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд хувьцаа олгох нь хоёр талын ашигтай. Иргэд байгалийн баялгаас хишиг хүртэхээс гадна тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар ТУЗ-д хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл хэд байдаг вэ? Ногдол ашгийг яг хэзээ олгох вэ?

 

Шадар сайд С.Амарсайхан:  Засгийн газар 2021, 2022 оны ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж, энэ чиглэлээр арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа  хангаж байна. 2024 оноос олгогдоно.

 

 

2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаагүй байна. Тиймээс компанийн 34 хувийг Монгол Улсын иргэдэд ижил тэнцүү хэмжээгээр иргэдэд эзэмшүүлэх асуудлыг шийдэж байна.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн байж болох олон зөрчилтэй зохицуулалт орж ирж байна. Үндсэн хуульд байгалийн баялгийн үр өгөөжийн ард түмэнд ногдох хэсгийг хуулиар тогтооно гэж заасан. Гэтэл УИХ-ын тогтоол орж ирж байна.

 

 

Энэ хувьцааг хэзээ нэг цагт буцааж авах юм уу? Өмч биш юм уу. Сонгуулийн өмнө чихэр долоолгож, данс руу мөнгө хийдэг 10 жилийн завхралаасаа сургамж аваагүй тогтоолын төсөл орж ирж байна. Хэтрүүлж хэлэхэд залилан. Өмчлөх, захиран зарцуулах ямар ч зохицуулалт алга. Зүгээр бүртгэл юм уу? Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр иргэдийн данс руу хэдэн төгрөг хийх, зүгээр л молиго байна.

 

Үнэндээ Эрдэнэс тавантолгой компани 3, 4 их наяд төгрөгийн өртэй явж байгаа, юун ногдол ашиг. Урьдчилан борлуулалт, оффтейк гэрээ хийж мөнгө аваад, сонгуулийн өмнө тараана. Үүнд бэлдсэн тогтоолын төсөл байна.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Компанийн хувьцааг үнэгүй тараадаг нь зарчим, засаглалын хувьд буруу. Харамсалтай нь 2010 оноос хойш үнэгүй тараах,буцааж худалдаж авах тухай УИХ, Засгийн газрын 16 тогтоол гарсан байна.Хамгийн сүүлд 2016 онд “Сайн хувьцаа”-гаар буцааж аваад, 1 218 000 иргэн хувцаагаа зарсан. Хувьцаагүй байна. Энэ иргэдийн төлөөлөл биднийг хулхидаж, дээрэмдэж авсан, буцааж өг гэх шаардлагыг тавьдаг.

 

 

2010 оноос хойш УИХ, ЗГ-ын 16 тогтоолоор Эрдэнэс Тавантолгойн хувьцааг зэрэмдэг болгосон учраас Баялгийн сангийн хуулийг батлагдахаас өмнө нэгмөр шийдэж, иргэдэд ижил тэгш хуваарилахаас өөр шийдэл байхгүй.

 

Цаашид Баялгийн сангийн хуулиар газрын баялгийн үр ашгийг ард иргэдэд үнэгүй хувьцаа тараах биш бодит байдлаар хүртээх концевциар шийдэхгүй бол дараагийн компаниудад засаглалын хувьд буруу жишиг тогтоож байна.

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ 2024.02.19-нд хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргана. Үүнээс өмнө иргэдэд тэгш хуваарилахаар энэ тогтоолыг оруулж ирж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ногдол ашгийг сонгуулийн өмнө тараах уу, дараа юу? Сонгуулийн өмнө тараавал санал худалдан авалт болно. Сонгуулийн дараа тараана гэвэл дэмжиж болох шийдэл.

 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Аудитлагдсан тайлан баталгаажиж, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилагдана. Компанийн хуулийн дагуу үйл ажиллагаа алдагдахгүй, төлбөрийн чадвараа хангах нөхцөлөө хангаад, ТУЗ шийдвэр гаргана. Сайн ажиллаж байгаа учраас ногдол ашиг хуваарилах боломж гарна гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:  Бид хэзээг хүртэл алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэртэй явах вэ. Эрх баригчид 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй таван жил болж байна. Хувьцааны өмнө Баялгийн сангийн хууль орж ирэх байсан. Яагаад орж ирэхгүй байна вэ. Зүй ёсоор бол Баялгийн сангийн хуулинд Тавантолгой чухал байр суурь эзлэх ёстой.

 

 

Энэ асуудлыг урьдчилж оруулж ирж байгаа нь хардлага төрүүлж байна. Бид 27 их наядын төсөв баталсан. Сонгуулийн авлига байж болохуйц төсвийг баталсан. Одоо Эрдэнэс Тавантолгойн 34 хувийг ард түмэнд өгнө гээд сайн Засаг болох гэж байна. Мэргэн хүн шиг хэлье, сонгуулийн өмнө ногдол ашиг тараана. Ногдол ашиг нэрээр сонгуулийн авлига тараах нь гэж хардаж байна.
 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Энэ тогтоолыг батлах нь зүйтэй. Ногдол ашиг хуваарилах нь ард иргэдийн амьдрал дээшлэх гол нөхцөл болно. Баялаг ихтэй улс ядуурах прадокс маягийн үзэгдэл дэлхийд байдаг. Үүний сонгодог жишээ нь Монгол. Мендлеевийн үелэх системийн 111 элементийн 80 нь Монголын хөрсөнд байдаг. Баялгаараа дэлхийд эхний 9-д ордог. Тэгсэн атлаа хүн амын 40-өөд хувь нь ядуурсан дүр зурагтай байна.

 

 

Баялаг хүссэн хөгжил дэвшил авчирдаггүй. Баялгийн буруу удирдаж, буруу менежмент хийвэл хулгай дээрэм, хууль бус бүх зүйл дагаж явдаг. Өнгөрсөн 30 жилд баялгийн менежементээ зөв хийсэн бол Кувейт шиг хөгжихгүй ч Казахстаны хэмжээнд хүрэх боломж байлаа. Казахстаны баялгийн сан өнөөдөр 128 тэрбум доллартай болсон байна. Ямар их боломж алдав гэдгийг бид өнөөдөр ярьж байна.

 

Ийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжиж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
Хэзээ буух вэ 3сарын 25нл гэхийн ард иргэдээ ингэж хуурч бхаа болиочээ
2024-03-25
Altanbayr:
hezee noogdol ashig ogoh we ene 3 sard ym uu 4 sard ymuu
2024-03-20