Д.Баясгалан: Бидэнд Гашуунсухайтын төмөр зам тавих саналыг Х.Баттулга биш У.Хүрэлсүх тавьсан
2023-12-21

Нүүрсний сонсгол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар үргэлжилж байна.

 

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр: Гашуунсухайтын төмөр замын төсөлд бусад нүүрс борлуулалтын үнээс 18 хувийн хөнгөлөлттэй үнээр Бодь групптэй гэрээ байгуулж, үнийн зөрүү нь 204 сая $ болсон байна. Бодь групп гадаад зах зээлээс мөнгө босговол нүүрсээр хөнгөлөлт үзүүлнэ гэсэн гэрээтэй. Бодь групп энэ төслийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн хөрөнгийг хаанаас татсан вэ?

 

 

Бодь группын ТУЗ-ийн дарга  Д.Баясгалан: Энэ бол Монгол Улсад сүүлийн 30 жил хэрэгжсэн хамгийн том төслүүдийн нэг. Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал үүрэгтэй байгаа, цаашдаа ч үр өгөөж авчрах Тавантолгой-Гашуунсухайт төслийн тухай бүх асуудалд хариулахад бэлэн байна.

 

Манайх санхүүжилтийн нэг хэсгийг бэлэн мөнгөөр, нэг хэсгийг нүүрсээр авсан. Манай компани нүүрс борлуулдаг компани биш. Та нар биднийг “Нүүрсийг хөнгөлөлттэй үнээр худалдаж аваад, тэрийгээ зах зээлийн үнээр зарж, дундаас нь ашиг олдог” гэж бодож байна. Бид нүүрсний бизнес мэддэггүй, Тавантолгой орд газартай холбоотой ажилд оролцдоггүй байсан. Энэ гэрээ хийснээс хойш нүүрсний бизнесийн талаар ойлголттой болсон.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Танай компани гэрээний үнийн дүнг дарж ирүүлээд байна. Үүнд тайлбар өгөөч.

 

Бодь группын ТУЗ-ийн дарга  Д.Баясгалан: Энэ бол манай компанийн туслан гүйцэтгэгч буюу төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудын гэрээг та яриад байна. Эрдэнэс Тавантолгой-Бодь интернэйшнл-Хятадын худалдан авагчтай хийсэн гурвалсан гэрээг биднээс хэн ч шаардаагүй. Бид 16 орны 700 орчим компанийн 15 000 хүн оролцож, яг цаг хугацаанд нь амжилттай дуусгасан.

 

Засгийн газраас бидэнд энэ төмөр замыг 30 сарын дотор дуусгах хатуу үүрэг, даалгаварыг өгсөн. БИд 2020.03.01-нд төмөр замын бүтээн байгуулалтыг эхэлснээс хойш 17 хоногийн дараа Монгол Улсын хил бүрэн хаагдаж, Монгол Улс нүүрсээ гаргаж чадахаа больсон. Бид туслан гүйцэтгэгчээ шалгаруулахдаа санхүү, туршлага зэргийг харгалзана уу гэхээс компанийн эзэд, нам, улс төрийн хамаарлыг харж чадахгүй.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Гадаадаас хөрөнгө татсан уу?

 

Бодь группын ТУЗ-ийн дарга  Д.Баясгалан: 2020-2021 онд Эрдэнэс тавантолгой ХК байтугай Монгол Улс санхүүжилтгүй болсон.  Бид ч санхүүжилтгүй болсон. Гэрээнд заасан үүргийн дагуу манай компани нүүрс худалдан авагч нар, гадна, дотны банк, санхүүгийн байгууллагаас нийтдээ 325.8 сая долларыг босгож, төмөр замын төслийг дуусгасан. Сард дундажаар 173.6 сая $-ын санхүүжилтийг өөрөөсөө гаргасан. 2021 онд Эрдэнэс Тавантолгой ХК-иас 72 сая $-ын санхүүжилт авсан.

 

Түр хорооны гишүүн Т.Доржханд: Та яагаад төмөр зам тавих болов, төмөр зам тавих саналыг танд хэн тавьсан вэ?

 

Бодь группын ТУЗ-ийн дарга  Д.Баясгалан: Биднийг 2019 онд ажил явахад энэ төсөл 5 жил зогссон, барьсан байгууламжууд нь нурж унаад, элэгдсэн байсан. Бид 2019 онд төмөр замын энэ төслийг сонирхож, мэдээлэл авах журмаар нууц хадгалах гэрээ байгуулсан. Бид сонирхлоо илэрхийлэхэд 2013 онд батлагдсан төсвөөр 30 сарын дуусгаж өгөх хатуу нөхцөл тавьсан. Гэхдээ санхүүжилтийг 60 сарын дотор цувуулж өгнө гэсэн. Бид одоо хүртэл санхүүжилтээ авч дуусгаагүй байна.

 

Түр хорооны гишүүн Т.Доржханд: Танд Засгийн газар санал тавьсан уу, эсвэл Ерөнхийлөгч үү?

 

Бодь группын ТУЗ-ийн дарга  Д..Баясгалан: Бидэнд энэ саналыг Засгийн газар тавьсан. 2019 онд Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүх, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Засгийн газрын тэргүүн энэ төслийг 30 сарын хугацаанд дуусгах үүргийг өгсөн. Бараг цэргийн даалгавар шиг юм ярьж байсан. Тиймээс бид хугацаандаа дуусгасан.

 

Та нар Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Х.Баттулга гэдэг хүн Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа жийрхдэг болсон байсан.

Shuud.mn
Сонин хачин