Нүүрсний нээлттэй сонсгол Эрдэнэс Тавантолгой ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар үргэлжилж байна.
Шинжээчийн дүгнэлтээс:
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиолол суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Тэднээс улс төрийн хамааралтай компаниудыг танилцуулав.
Нийт 5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан Болор болд зам ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү
Нийт 2.9 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан Аржройд ХХК нь Мон Арж зам ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Мон Арж зам ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Тэнгис нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү
Нийт 24.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан Монгол зам групп ХХК нь МОСМЕП ХХК, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай нэгдмэл сонирхолтой.
Нийт 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан Эрдэнэзам ХХК нь Бишрэлт Холдинг ХХК, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай нэгдмэл сонирхолтой.
Нийт 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан Говь инфрастракчер партнерс ХХК нь Сангийн яамны газрын дарга Ц.Батзултай нэгдмэл сонирхолтойг шинжээч танилцууллаа.
Нийт 1 их наяд 392.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 416 км төмөр замын хүчин чадлын 10 хувийг өдгөө ашигладаг байна.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын зэвсэгт хүчин, цэргүүдийг оролцуулж, өөрсдийн хүчээр өндөр өртгөөр бариагүй гэдэг. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан байдаг. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийн ажил гүйцэтгэсэн. 88 хувийг нь компаниуд хийсэн байна. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчнээр хаацайлж, улсын нууцад авч, бүх асуудлаа хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Бусдаар гүйцэтгүүлсэн ажлыг УИХ-ын гишүүдийн хамааралтай компаниудаар гүйцэтгүүлсэн байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул та тухайн үед Сангийн яамны газрын дарга, дэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан байна. Таны ахын хамаарал бүхий Говь капитал ХХК 13.2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул: Би ЗГХЭГ-ын захирамжаар дэд ажлын хэсэгт ажилласан. Энэ ажлын хүрээнд нийтдээ 2382.6 м урт 27 ширхэг гүүр барих ажил байсан. Үүний сонгон шалгаруулалтыг УБТЗ-ынхан хийсэн. УБТЗ-аас гүүр барьдаг бүх компанид санал хүргүүлж, үнийн саналыг нь авч, сонгон шалгаруулалт хийж, дэд ажлын хэсэгт орж ирсэн. Тухайн үеийн ажлын хэсгийн ахлагч ЗХЖШ-ын дарга Ганзориг генералд “Говь капитал менежмент ХХК-ийн 17 хувийг манай ах эзэмшдэг учраас оролцох боломжгүй”-гээ хэлж, татгалзсан.
Түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Бодит байдал дээр ЗХЖШ-ын оролцоо ямар байсан вэ. Анхны шийдвэр бол та бүхнээр том ажлаа нугалуулах байсан. Явцын дунд татсан гэж би ойлгосон. Эсвэл боломж ийм байсан, анхны гэрээнд ямар байсан вэ. Нэлээд бага ажил хийсэн байна.
ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Жаргалсайхан: Барилга инженерийн цэргийн удирдах газрын даргаар 2019 оны 10 дугаар сард томилогдож, бүтээн байгуулалтын ажилд оролцсон.
Зэвсэгт хүчний 9 анги, нэгтгэл ажилласан. Төмөр замын ажлыг доод бүтэц, дээд бүтэц гэж хоёр хуваасан. Газар шорооны ажил нийтдээ 25 сая мкуб ажил байгаа. Газар шорооны ажлын 26 хувийг Зэвсэгт хүчин дангаараа гүйцэтгэсэн. 74 хувийг ААН-үүд гүйцэтгэсэн.
Зэвсэгт хүчин Ерөнхий гүйцэтгэгч буюу дороо туслан гүйцэтгэгч ажиллуулах гэрээтэй ажилласан. Манай туслангаар 58 ААН ажилласан. Бид хоёр жилийн хугацаанд 24 цагаар ажиллаж, энэ том ажлыг дуусгасан. Зэвсэгт хүчин том менежмент, зохион байгуулалтыг хийж чадсан. ААН-үүд ийм хэмжээний ажил хийж чадахгүй, боломжгүй байсан.
Төмөр замын дээд бүтцийн 416 км төмөр замын 221 км-ыг Зэвсэгт хүчин хийсэн. Төмөр замын дээд бүтцийн Ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ажилласан ч 50 гаруй хувийг Зэвсэгт хүчин гүйцэтгэсэн. Ус зайлуулах 595 ширхэг хоолойны 50 хувийг Зэвсэгт хүчин суурилуулсан.
Төмөр зам 2023.06 сард ашиглалтад орсон. Нийт 9 сая ачаа тээвэрлэх төмөр замаар 1 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн нь бага тоо биш.
Түр хорооны гишүүн Г.Ганболд: Өнөөдрийн байдлаар Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн ямар ч ашиггүй зам. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам 100 хувийн ачаалалтай байхад хөндлөгөөс нь төмөр зам хийсэн, эндээс хамгийн ихдээ л 10 хувийн гүйцэтгэл гарна.
Өнөөдрийн байдлаар энэ төмөр замаар зөвхөн мидлинг л зөөж байгаа. Тэгээд Монголын төмөр зам гээд компани байгуулчихсан, маш олон ажилчидтай. Горьдлого, хүлээлттэй. Вагон, зүтгүүр нь байхгүй.
Төмөр замын бүтээн байгуулалтад миний харамсдаг зүйл нь, манайхан ТЭЗҮ гэж өнгөтэй зузаан цаас хэвлэж, мөнгө угаадаг. Бүх төсөл дээр харагддаг.
Энэ төмөр зам дээр 5.6 сая $-ын ТЭЗҮ хийж, 2014 онд Японы компаниар 9.1 сая $-аар дахин ТЭЗҮ хийлгэж, 2019 онд дахиад тодотгол хийсэн байна. Мөнгө авч, зургаа өөрчлөөд явж байдаг. Зүүнбаян ч, Гашуунсухайтад ч ТЭЗҮ-ийн мөнгө гэж асар их мөнгийг авч алга болсон.
Зүүнбаян төмөр замд 100 орчим тэрбум төгрөгийн өр авлага үүсч, ААН-үүд Монголын төмөр замаас өр нэхэж байна. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ? ААН-үүдийг хохиролгүй болгох ёстой.
Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх: Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Нийт 416.1 км зам дээр 200-аад ААН, ЗХЖШ ажилласан. Үүнээс 120 гаруй ААН-ийн өр төлбөрийг шийдэж чадаагүй байна. Таван хувийн баталгаанаас эхлээд ажил хийсэн ААН-үүд мөнгөө авч чадаагүй байна. Анх төсөл эхлэхэд төслийн мөнгөнөөс ЗХЖШ-т 67 тэрбум төгрөгөөр техник хэрэгсэл авсан. Энэ мөнгө сох дутсан.
Түр хорооны гишүүн Т.Доржханд: Энэ төмөр замыг гардаж хийлгэсэн, ҮАБЗ-д чиглэл өгч нууцад оруулсан хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Энэ хүн дахиад ирсэнгүй. Барьсан төмөр зам нь ашиглалтгүй. Өөрийнх нь авлига, хулгайтай холбоотой асуудал гараад ирэхээр гадагшаа явчихдаг, өвдөж зовдог, зугтаачихдаг. Тиймээс түр хорооны сонсголд өмнө энэ хүмүүст хилийн хориг тавихыг шаардаж байсан. Болох ёстой юм болдгоороо болж байна.
Энэ бүх схемийг зурсан хүн бол Х.Баттулгын шагнаад байсан Удаанжаргал. Нүүрсний сонсголтой холбоотойгоор гараад зугтсан, одоо хаана явж байгаа нь бүү мэд.
Гурав дахь хүн нь Монгол Улсын гавьяат эдийн засагчаар шагнаад байсан Б.Ганхуяг. Одоо хоригдож байгаа. Яг шийдвэр гаргасан нөхөд бүгд энэ сонсголд ирсэнгүй. Үүнийг монголчууд хараарай.