Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тухай тогтоолыг төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо.
Тогтоолын төсөлд:
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг Монголын иргэдэд эзэмшүүлэхээр тусгалаа. Одоо Монгол Улсын 2.5 сая орчим иргэн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Бүх иргэнд буюу 2012.04.11-ний өдрөөс хойш төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг шинээр эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгалаа.
Цаашид шинээр төрсөн болон Монгол Улсын харьяат болсон иргэнийг шууд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч болгох тогтолцоог Улсын бүртгэлийн байгууллагатай хамтран бий болгоно.
Хувьцаа арилждаггүй, өвлөгддөггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийхээр боллоо.
2015 онд “Сайн хувьцаа” гаргаж, иргэдээс хувьцааг худалдаж авсан. Тухайн үед нэгж хувцааг 933 төгрөгөөр тооцож, зарсан иргэд 2028.01.01 хүртэлх хугацаанд хувьцаагаа тухайн үеийн ханшаар буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр иргэн бүр ижил тэгш эрхтэй болно.
Энэ тогтоол УИХ-аар батлагдсанаар цаашид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгийг тогтмол олгох боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Тус компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлснээр нэг иргэнд 1200-1300 ширхэг хувьцаа оногдох юм байна. УИХ-ын тогтоол батлагдсаны дараа Засгийн газар хуралдаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022, 2023 оны ашгаас иргэдэд олгох ногдох ашгийн хувийг тогтоох аж.
Уншиж байна |