Таиланд нисэх буудлуудын татваргүй барааны дэлгүүрүүдийг хаахаар болжээ
2023-12-19

Таиландын Сангийн яам тус улсын бүхий л нисэх буудалд байх татваргүй барааны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоож, согтууруулах ундааны татварыг бууруулах саналыг Сайд нарын танхимд гаргахаар болжээ. 

 

Энэ санал батлагдвал 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна. Nation Thailand сонинаы мэдээлснээр, нисэх буудлууд дээрх татваргүй барааны дэлгүүрүүдийг хааснаар аялал жуулчлалыг дэмжиж, улс доторх зардлыг нэмэх боломжтой гэнэ. Тодруулбал, татваргүй барааны дэлгүүрийг хааж, Таиландын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа согтууруулах ундааны татварыг бууруулснаар жуулчид мөнгөө Таиландад зарцуулах боломжтой болно гэж Сангийн яам үзжээ. 

 

Энэ саналыг жуулчид ихээр ирдэг өвлийн амралтаас өмнө хэлэлцэн батлахаар зэхэж байгаа гэнэ. Батлагдсан тохиолдолд журмыг байнга хэрэгжүүлэх юм байна. Хэдийгээр татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосноор Сангийн яам олдог орлого буурах хэдий ч жуулчид улс дотор зарцуулах мөнгө нэмэгдэж, цаашлаад эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж тооцоолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин