АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд илгээх шинэ зэвсэг, техник худалдан авах сүүлчийн 1,07 тэрбум долларыг зарцуулснаар 12 дугаар сарын 30 гэхэд Украинд туслах мөнгө дуусах гэнэ. Ийм мэдээллийг Пентагоны хянагч Майкл Маккорд Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүнд илгээсэн захидалдаа багтаасан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Энэ захидалд Украинд нийлүүлэхээр худалдан авахаар төлөвлөж буй зэвсгийн жагсаалтыг хавсаргасан байна. Тухайлбал, 365 сая долларыг пуужин, 210 сая долларыг сум, тэслэгч, 129 сая долларыг нууц санхүүжилт болгон зарцуулахаар зэхэж байгаа аж. Ийнхүү дээрх зорилгоор үлдсэн нэг тэрбум долларыг зарцуулснаар Украинд тусламж үзүүлэх хөрөнгө дуусаж байгаа гэнэ.
Харин Конгресс 61,4 тэрбум долларын үнэ бүхий санхүү, цэргийн тусламжийн багцыг олгохыг одоо хүртэл дэмжээгүй байна. Учир нь бүгд найрамдахчууд энэ хөрөнгийг цагаачлалын бодлогыг чангатгах, Мексиктэй залгаа хилийн хяналтыг сайжруулахад зарцуулахыг шаардаж байгаа юм. Мөн одоо Конгрессын хурал завсарласан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдөр л цуглан, Украинд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэж магадгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |