Европын холбоо Медведевийн хүү, Путиний хамаатны эсрэг хориг тавьжээ
2023-12-19

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, энэ улсын удирдлага дайн зогсооход нь дарамт шахалт үзүүлэх зорилготой байсан ч Орос Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохгүй байсаар хоёр жил орчмын нүүрийг үзэж байгаа юм. Тиймээс барууны орнууд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлсээр байна. Энэ удаад Европын холбоо Оросын эсрэг 12 дахь багц хориг тавьж, үүнд 61 хүн, 86 байгууллагыг хоригт багтааж, жагсаалтыг албан ёсны сайт дээрээ байршуулжээ. 

 

Энэ удаагийн хоригт ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг 2008-2012 онд хашиж байсан, Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн хүү Илья, Кузбассын захирагчийн эхнэр бөгөөд Владимир Путиний хамаатан Анна Цивилева, Москва хотын думын дарга Алексей Шапошников, Оросын Сонгуулийн төв хорооны 14 гишүүн зэрэг олон хүн багтсан байна. 

 

Түүнчлэн 12 дахь багц хоригт Оросын алмазын импорт, химийн бодис, термостат, лити батарейн экспортыг хоригложээ. Байгууллагуудын тухайд, Царьград, Спас сувгууд, Альфастрахование групп, "Алабуга" онцгой эдийн засгийн бүс хар жагсаалтад багтсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин