Африкийн орнуудаас олборлож, олон улсын зах зээл дээр угаадаг алт Оросын эрх баригчид дайныг үргэлжлүүлэх хэдэн тэрбум долларын орлого авчирдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Африк, Европын харилцааны салбарын шинжээч Жессика Берлиний удирдлага дор хийсэн The Blood Gold судалгаанд өгүүлжээ.
Энэ судалгаанд, ОХУ-ын "Вагнер" хувийн цэргийн компани Африкийн орноос хэрхэн орлого олдог талаар бичсэн байна. Тухайлбал, жихад бүлэглэлийнхэнтэй тэмцэх, цэргийн хунтыг хамгаалах зорилгоор Малид байрладаг Оросын 1000 орчим хөлсний цэрэг сард 10,8 сая долларыг бэлнээр авдаг гэнэ.
Ийм мэдээллийг АНУ-ын тагнуулын албаны мэдээллээс иш татжээ. Малид засагладаг цэргийн хунтын орлого тус улсад байх цөөн тооны олон улсын уул уурхайн компаниас хамаардаг аж. Тэдгээрийн дунд тус улсын гол татвар төлөгч болох, 2023 оны эхний хагаст гэхэд л 206 сая долларын татвар төлсөн Канадын Barrick Gold компани багтдаг аж.
Түүнчлэн Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Вагнер компани тус улсын томоохон орд газар болох Ндассимад олборлолт хийх онцгой эрхтэй байдаг гэнэ. Энэ ордоос жилд 290 сая долларын алт олборлогдо байна. Харин Суданд Вагнер компани боловсруулаагүй алт худалдан авч, экспортлодог томоохон алт боловсруулах үйлдвэрийг хянадаг аж.
Африк дахь хөлсний цэргүүдийн энэхүү ашигтай бизнес нь "Оросын дайны машиныг тэжээгээд" зогсохгүй Африкийн бүс нутгууд дахь тогтвортой байдлыг алдагдуулж, дүрвэгчдийн тоо олноор нэмэгдэхэд нөлөөлдөг гэж The Blood Gold тайланд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |