Диана гүнжийн хар өнгийн даашинз Холливудад болсон дуудлага худалдаагаар 1 148 000 доллараар (shuud.mn: монгол мөнгөөр тооцвол 4,4 тэрбум төгрөг ) зарагдаж, анх дуудсан үнээс 11 дахин өндөр үнэд хүрчээ. Энэ талаарх мэдээллийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Оддын дүрсээр чимэглэсэн хамбан үдшийн даашинз ийм үнэд хүрснээр Диана гүнжийн хамгийн үнэд хүрсэн хувцас болжээ. Дуудлага худалдаа зохион байгуулагчид энэ даашинзыг анх 100 мянган доллараар үнэлж байсан аж.
Диана гүнж энэ даашинзыг анх 1985 онд Флоренцид болсон оройн хоолонд оролцохдоо өмссөн байна. Тухайн үед тэрбээр тухайн үедээ ханхүү, одоо Британийн хаан болсон нөхөр Чарльзтай хамт Италид айлчилж байсан аж. Дараа нь, 1986 онд Ванкуверын симфони найрал хөгжмийн тоглолтыг үзэхдээ энэ даашинзаа Диана гүнж өмссөн байна.
Энэ даашинзыг Диана гүнжийн хамгийн хайртай загвар зохион бүтээгчдийн нэг Жак Азагуригийн баг бүтээжээ. Даавууг нь алдартай бөс бараны худалдаач Якоб Шлапфер сонгосон бол Жак Азагури брэндийн дизайнерууд металл оддыг бүтээн, даашинзан дээр хатгасан байна.
Холливудад болсон дуудлага худалдаагаар Диана гүнжийн даашинзаас гадна 1981 онд өмсөж байсан цамцыг ч дуудлагаар худалдаж, энэ хувцас 80 мянган доллараас эхлэн дуудагдаж, 381 мянган долларын үнэ хүрчээ.
Энд дуулгахад, Диана гүнжийн хувцас дуудлага худалдаанд хамгийн эрэлттэй байдаг эд зүйлсийн нэг юм. Өмнө нь, энэ онд Диана гүнжийн өмсөж байсан, олон цагаан хонин дунд ганц хар хонь дүрслэгдсэн ноосон цамц Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдаагаар 1,14 сая долларын үнэд хүрч байыв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |