Berkshire Hathaway компани 2024 онд аялж зугаалахад тааламжтай дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтыг гаргасан талаар Travel Off Path сэтгүүл мэдээлсэн байна.
Berkshire Hathaway компани дэлхийн хамгийн аюулгүй хотуудыг тодруулахдаа аюулгүй байдлын түвшин, гэмт хэргийн түвшин болон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж зэрэг хүчин зүйлсийг тооцоолжээ.
Хонолулу
Дэлхийн хамгийн аюулгүй 10 хотын жагсаалтыг АНУ-ын Хавай мужийн Хонолулу хот тэргүүлсэн байна. Ширэнгэн ой, үзэсгэлэнт наран шарлагын газар төдийгүй гэмт хэргийн гаралт маш бага, аюулгүй гэдгээрээ дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдыг энэ хот татдаг аж.
Хавай мужид хууль чанга, амжиргааны түвшин өндөр байдаг тул гэмт хэргийн гаралт бага байхад нөлөөлдөг гэнэ. Хонолулуд ирсэн хүмүүсийн хувьд хамгийн аюултай байж мэдэх зүйлс нь тэнгис болон далайн амьтад л байх магадлалтай бөгөөд нутгийн иргэд жуулчдыг ганцаар явахгүй байх, шөнийн цагаар усанд сэлэхгүй байхыг зөвлөдөг юм байна.с
Монреаль
Канадын томоохон хотуудын нэг Монреаль энэ жагсаалтын хоёрдугаарт бичигдсэнд мөн л гэмт хэргийн гаралт бага байдаг нь нөлөөлжээ. Тэр дундаа энэ хотод эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх хэрэг маш цөөн гардаг юм байна.
Гэхдээ Монреаль хотод ч халаасны хулгай гардаг, тиймээс жуулчдыг эд зүйлсдээ хянамгай хандахыг зөвлөдөг аж. Түүнчлэн өвөл цасан шуурга болох эсвэл газар хөдлөлт тохиох зэрэг байгалийн гамшгийн эрсдэл ч байдаг гэнэ.
Рейкьявик
Исландын нийслэл Рейкьявик маш аюулгүй хот. Тиймдээ ч энэ оронд арми гэж байхгүй. Цагдаагийнхан нь гудамжинд зэвсэггүйгээр эргүүлд гардаг гэнэ. Харин байгалийн гамшиг л ихээхэн эрсдэл дагуулдаг бөгөөд 2023 оны 11, 12 дугаар сард газар хөдлөлт, галт уул сэргэх үзэгдлүүд хэдэнтээ гарч байлаа.
Топ-10
1. Хонолулу, Хавай, АНУ
2. Монреаль, Канад
3. Рейкьявик, Исланд
4. Сидней, Австрали
5. Амстердам, Нидерланд
6. Дубай, АНЭУ
7.Копенгаген, Дани
8. Лондон, Их Британи
9. Сөүл, Өмнөд Солонгос
10. Венеци, Итали
Г.Бямбасүрэн
Уншиж байна |