Хойд Солонгос энэ сард тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж байсанчлан 2023 оны 12 дугаар сарын 17 болон 18-ны өдрүүдэд БНАСАУ Япон тэнгисийн зүг хоёр пуужин харвасан юм.
Энэ сарын 17-ны өдөр хөөргөсөн пуужин нь бага тусгалын пуужин байсан бол даваа гарагийн өглөө харвасан пуужин нь тив алгасагч баллистик пуужин байсан бөгөөд энэ нь АНУ-д хүрэхүйц хүчин чадалтай пуужин гэж Өмнөд Солонгос, Японы тал мэдэгдэж байв. Тодруулбал, 12 дугаар сарын 18-ны өглөө хөөргөсөн Хойд Солонгосын пуужин 73 минут нисэж, хамгийн өндөртэй 6000 км өндөр аван нийт 1000 км замыг туулсан гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Тус яамны онцолсноор Хойд Солонгосын пуужин 15 мянган км зайг туулас чадвартай буюу АНУ-д хүрэх боломжтой гэсэн үг аж.
Пуужингийн хүчин чадал ийм байсан талаар Хойд Солонгос ч албан ёсоор баталлаа. АНУ Пхеньяны эсрэг чиглэсэн "алдаатай шийдвэр гаргавал" БНАСАУ ямар хариу өгч чадахыг "Хвасон-18" тив алгасагч баллистик пуужин харууллаа гэж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгджээ.
"Бид нэг бус удаа хатуу сануулж, анхааруулж байгааг үл харгалзан оны туршид цэргийн сөргөлдөөнийг өдөөж байгаа дайсагнагч хүчинд бид тодорхой дохио өгсөн. Вашингтон бидний эсрэг алдаатай шийдвэр гаргавал бид ямар сонголт хийх, ямар хариу үйлдэл шуурхай авч хэрэгжүүлэхийг энэ сургалт харууллаа" хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийг агентлаг дамжуулжээ. Түүний өгүүлснээр, Вашингтон цаашид дайсагнасан үйлдэл гаргавал "илүү боловсронгуй, аюул заналхийлэх хувилбар" ашиглан давших арга хэмжээ авах гэнэ.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр
БНАСАУ 2005 оны хоёрдугаар сарын 10-ны өмнө анх удаа цөмийн зэвсэг бүтээсэн талаар олон нийтэд нээлттэй зарлаж байлаа. Ингээд дараа жил нь буюу 2006 оны 10 дугаар сарын есний өдөр цөмийн дэлбэрэлт үйлдсэн бол 2012 оны дөрөвдүгээр сард БНАСАУ Үндсэн хуулиндаа улс орныхоо цөмийн статусын талаар нэмэлт өөрчлөлт оруулж байв.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужин харвах сургуулилалт нь АНУ, Япон, Өмнөд Солонгост ихээхэн түгшүүр дагуулдгийн дээр эдгээр орнууд Хойд Солонгосын эсрэг удаа дараа хатуу хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байв. Хятадын тухайд энэ улсыг цөмийн хөтөлбөрийнх нь төлөө шүүмжилдэг хэдий ч Хойд Солонгосын цэргийн холбоотон, эдийн засгийн түнш хэвээр байгаа юм.
Цөмийн хошууны тухайд гэвэл, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөөргөсөн тив алгасагч баллистик пуужин цөмийн хошуу тээвэрлэх чадвартай. Энэ улсад 2022 оны байдлаар нийтдээ 20 орчим цөмийн цэнэгт хошуу бий гэж Стокгольмын энх тайвны асуудал судлалын хүрээлэн мэдэгдэж байв.
Хүрээлэнгийн мэдээллээр, 20 цөмийн хошуу гэдэг нь Хойд Солонгост байгаа цэнэгт хошууны бодит тоо бөгөөд урьд өмнө нь гарсан 30-40 зэрэг тоо нь Хойд Солонгос үйлдвэрлэх боломжтой хошууны тоо аж. 2021 оны байдлаар Хойд Солонгос дахь нөөц нь 45-55 цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэхүйж байжээ.
Дээрх тооны цөмийн хошуу нь алсын тусгалт пуужинд зориулагдсан бол "дунд тусгалын баллистик пуужингуудад зориулсан хэд хэдэн цөмийн хошуу бий" гэж Стокгольмын энх тайвны асуудал судлалын хүрээлэнгийн тайланд өгүүлж байв.
Энд дуулгахад, 2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий дээрх нийт цөмийн хошууны тоо 12 705 болжээ. Эдгээрээс хамгийн их нь буюу 5977 нь Орост, 5428 нь АНУ-д байгаа бөгөөд энэ хоёр улсад байгаа нийт цөмийн хошуу нь дэлхий даяарх энэ төрлийн цэнэгт хошууны 90 хувийг эзлэж байгаа юм. Үүний араас Хятад улс ордог бөгөөд энэ улсад 350 цөмийн хошуу байдаг бол Франц 290 , Их Британид 180, Пакистан 165, Энэтхэг 160, Израил 90 цөмийн хошуутай гэсэн тооцоо гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |