Нүүрсний сонсгол нүүрс тээврийн асуудлаар үргэлжилж байна. Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй 5.2 сая тонн нүүрс гаргасан компаниуд дунд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хамаарал бүхий хэд хэдэн компани нэрлэгдлээ. Түүний хамаарал бүхий
Далангол
Дагалай шарга наян найм транс
Топ транспорт
Хишиг сайхан ундрах
Дайлангийн хишиг тээвэр
Прайд транс
Ивээл сар транс гэсэн компаниуд гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэж,улсыг хохироосон байж болзошгүйг шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таныг нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотойгоор бусдад хахууль өгсөн гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ үндэслэлтэй мэдээлэл үү?
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Би олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхөөр сонсголд ирсэн. Миний бие 1999 оноос хойш зам тээврийн салбарт ажилласан. Жолооны сургалт явуулсан, авто тээврийн бизнес эрхэлсэн. Монгол Улсад 40 мянган жолооч, 2000 мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Бэлтгэсэн жолооч нартаа ажлын байр гаргах үүднээс тээврийн салбар руу орсон. 2016 оноос тээврийн салбарт ажилласан.
Монголын эдийн засгийг нуруундаа үүрсэн 400 гаруй тээврийн компани байсан. Оргил үедээ 17000 жолооч ажиллаж байсан. Жолооч нарын зовлон, жаргалыг мэддэг бизнес эрхлэгч, татвар төлөгч би УИХ-д орж ирсэн. Өнөөдрийг хүртэл чимээгүй явж ирсэн, үгээ хэлэх цаг нь болсон.
2020 онд УИХ-д нэр дэвшсэнээс хойш намайг янз бүрийн хэлбэрээр гүтгэсэн. Үүний нэг нь С зөвшөөрлийн хэрэг. Манай эгчийн өгсөн зээлийг над дээр авлигын хэрэг болгож, сонгууль дуустал намайг харлуулсан. Хэрэг ч хаагдсан.
Нүүрсний гэх хэрэг үүсэх үед намайг бас л энд хавчуулж, С зөвшөөрлийн хэргийг нүүрсний хэрэг болгосон.
2016, 2020 онд МАН бүх шатанд засаглаж байгаа. Та нарын гаргасан шийдвэрээр бид явж байгаа. Хулгай хаана байх уу, эрх мэдэлтэй, нууц газар байдаг. Сөрөг хүчний гишүүдийг улс төрийн зорилгоор харлуулж байгааг би ойлгохгүй байна.
Би баахан хамаарал бүхий компаниудтай болчихлоо. Би энэ компаниудыг мэдэхгүй байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таны нүүрс тээврийн компаниуд 2023.05 сард гадагшаа оффшор компани болж шилжсэн байна. 2023.06 сард нүүрсний сонсгол болох байсныг та мэдэж байгаа. Үүний өмнө нүүрс тээврийн компаниудаа оффшорт гаргаснаа тайлбарлана уу.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Би 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш ямар ч бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй. Энэ компаниуд гадаадын ямар биржид гарсныг би мэдэхгүй.
Та нар буруу газраасаа хулгайчаа хайгаад байна. Нүүрс тээврийн компаниуд тэр дундаа жолооч нар хулгай хийх ямар ч боломжгүй. Жолооч уурхайгаас нүүрсээ лацдуулж гараад мэргэжлийн хяналт, гааль, татвар, цагдаагаар дамжиж, Монгол, Хятадын гааль дээр жинлүүлж, буулгадаг. Энэ дунд төрийн төлөөлөл, ямар нэгэн эрх мэдэлтэн орохгүйгээр нүүрс хулгайлах ямар ч боломж байхгүй. Төрийн байгууллагын ажилтнууд, төрийн байгууллагынханд хариуцлага тооцох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Уншиж байна |