Аляскийн хамгийн хойд хэсэгт байх Уткиагвик хотод туйлын шөнө эхэлжээ. Энэ хотын оршин суугчид ирэх оны нэгдүгээр сарын 23-ны өдөр л нар олж харна гэж Daily Star мэдээлсэн байна.
Туйлын шөнийн үе эхэлсэн хугацаанд Уткиагвик хотын 5123 оршин суугч бүрэнхий дунд амьдрах бөгөөд тэд нэгдүгээр сарын 23-ны өдөр л нар харах юм. Нар 24 цагаас дээш хугацаагаар мандахгүй байх үеийг "туйлын шөнө" гэдэг. Хамгийн богино туйлын шөнө Умард туйлын цагаригт хоёр хоног орчим болдог бол Өмнөд туйлд туйлын шөнө зургаан сар орчим үргэлжилдгээрээ хамгийн уртад тооцогдоно.
Туйлын шөнө гэхээр 24 цагийн туршид түнэр харанхуй байна гэсэн үг биш. Гол нь туйлын шөнө тохиосон үед нар өдрийн ихэнх хугацаанд тэнгэрийн хаяанаас болж харагдахгүй байхыг хэлэх бөгөөд өдрийн тал хэсэгт нь бүрэнхий ноёлдог аж. Энэ жил Аляскийн их сургууль Уткиагвик хотод вэб камер суурилуулж, туйлын шөнө тохиосон үед хот хэрхэн харагддагийг судлах зорилгоор ажиглаж байгаа гэнэ. Уткиагвик бол Аляскийн хамгийн хойд хэсэгт байдаг хот. 2009 оны байдлаар энэ хотын хүн амын 61 хувийг эскимосчууд эзлэж байжээ.
Энд дуулгахад зөвхөн Утиагвик төдийгүй дэлхийн өөр олон хотод туйлын шөнө тохиодог. Туйлын шөнө үргэлжлэх хугацаа нь өргөргөөс хамаардаг бөгөөд хойд туйлд туйлын шөнө есдүгээр сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 174 өдөр үргэлжилдэг аж. Харин 80° өргөрөгт туйлын шөнө 10 дугаар сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ.Мурманскад 12 дугаар сарын хоёрны өдрөөс нэгдүгээр сарын 11-ний хооронд үргэлжилдэг гэнэ.
Туйлын шөнө ОХУ, АНУ, Швед, Норвегид ажиглагддаг бөгөөд хамгийн олон хотод нь туйлын шөнө тохиодог орон бол ОХУ юм. Оросын Апатиты, Билибино, Верхоянск , Воркута , Гаджиево , Дудинка , Заозёрск , Заполярный , Игарка , Кировск , Ковдор , Кола, Мончегорск , Мурманск , Нарьян-Мар , Норильск , Оленегорск , Островной , Певек, Полярный , Североморск, Снежногорск , Среднеколымск хотуудад туйлын шөнө тохиодог аж.
Норвегид Алта, Киркенес, Лонгйир, Тромсё, Хаммерфест, Хоннингсвог хотуудад туйлын шөнө тохиох бол АНУ-д Уткиагвик хот, Шведэд Кируна хотын оршин суугчид удаан хугацаанд нар үзэхгүй амьдардаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |