Палестины ХАМАС бүлэглэл 2023 оны 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 гаруй хүнийг барьцаалснаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн. Дайн эхэлснээс хойш сар гаруйн дараа талууд Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, нийт найм хоног гал зогсоон, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг Палестины хоригдлуудаар солилцсон юм. Энэ хэлэлцээрийн хүрээнд 100 гаруй олзны хүмүүс суллагдсан бөгөөд хэлэлцээрийн дагуу гал зогсоох хугацаа дуусаж, байлдааны ажиллагаа дахин сэргэснээр олзны хүмүүсийн цаашдын хувь заяа тодорхойгүй болж байв.
Өнгөрсөн сарын сүүлээр хэрэгжүүлсэн солилцооноос хойш аль аль тал дахин хүмүүсийг солилцох талаар ам нээгээгүй байсан бол ХАМАС бүлэглэл санаачилга гаргаж, цэргийн алба хаагч Гилад Шалитыг суллаж байсан 2011 оны хэлэлцээрийн жишгээр олзны хүмүүсийг солилцох хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн санал гаргасан байна. Энэ талаар тус бүлэглэлийн удирдлагын гишүүн Усам Хамдан Аль Майден сувагт мэдээлжээ.
"Эзлэн түрэмгийлэгч дэглэмд (Израилыг хэлж байна) хэд хэдэн хувилбар бий, тэдгээрээс хамгийн шилдэг нь цэрэг Гилад Шалитыг суллаж байсан тэр нөхцөлөөр олзны хүмүүсийг солилцох явдал юм. Үгүй бол Израилын цэргүүд дайнд амиа алдаж эсвэл тэднийг нисгэгч Рон Арадын хувь тавилан хүлээж байгаа" хэмээн Усам Хамдан мэдэгджээ.
Одоогоос 12 жилийн тэртээ ХАМАС, Израил хэлэлцээ хийн, удаан хугацаанд ХАМАС-ын олзонд байсан Израилын цэргийг суллаж байсан юм.
Тодруулбал, ХАМАС бүлэглэлийн олзонд таван жил гаруй хугацааг өнгөрүүлсэн Шалитыг 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр суллаж байлаа. Түүнийг суллуулахын тулд Израилын эрх баригчид шоронгуудаас нийт 1027 палестин хүн, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин 550 хүнийг суллаж байсан юм.
Харин ХАМАС бүлэглэлийн гишүүн мэдэгдэлдээ нэрийг нь дурдсан нисгэгч Рон Арадын хувь заяа өнөөг хүртэл тодорхойгүй.
Израилын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа Рон Арад 1986 онд Ливанд онгоц нь сүйрсний дараа ХАМАС-ын олзонд орсон гэх бөгөөд тэр үеэс хойш түүний хувь заяа тодорхойгүй, Рон Арад ор сураггүй болсонд тооцогдсоор байгаа юм.
ХАМАС, Израил 11 дүгээр сарын сүүлээр хийсэн хэлэлцээгээр олзны нэг хүнийг гурван палестинаар солилцохоор тохиролцож, ХАМАС 50 хүнийг Палестины 150 хүнээр сольж байсан юм. Палестины талд ашигтай энэ хэлэлцээрийн дүнгээр нийт 110 хүнийг ХАМАС суллаж байв.
Одоо ХАМАС-ын олзонд 126 израил, 11 гадаадын иргэн байгаа гэсэн мэдээлэл бий. Эдгээр үлдсэн хүмүүсийг суллахтай холбоотой ХАМАС-ын саналын дагуу нэг хүнийг 1000 гаруй хүнээр солих шаардлагатай болох бөгөөд ийм саналд Израил нааштай хариу өгөх нь эргэлзээтэй юм.
Израилын тухайд ХАМАС бүлэглэл сульдаж, задрахад ойрхон байгаа, Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дайчид олноор бууж өгч байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Израил дайн эхэлсэн цагаас л ХАМАС-ыг бүрэн устгах хүртэл ямар ч буулт хийхгүй хэмээн мэдэгдэж байсны дээр олзны хүмүүсийг суллах талаар төдийлөн дорвитой алхам хийгээгүйн улмаас Израил даяар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |