Австралийн Перт хотод амьдардаг, ердөө аравхан настай ч онгоцны нисгэгч болсон охины талаар NTD суваг дамжуулжээ. Эми Спайсер охин зааварлагчийнхаа хамт хөнгөн онгоц жолоодох бөгөөд өөрийгөө хэдийнэ нисгэгч болсон хэмээн сурвалжлагчид ярьсан байна.
"Би хоёр ой гарантай байхдаа л нисэх мөрөөдөлтэйгээ хэлсэн. Долоон настайдаа анх удаа ниссэн. Харин найман настайдаа планераар нисэж, онгоц жолоодох сургалтад сууж эхэлсэн юм" хэмээн Эми Спайсер ярьжээ.
Эмигийн ээж аав охиноо нисгэгчийн сургалтад суулгахын тулд Квинслендээс Перт рүү нүүж ирсэн байна. Сургалтад хамрагдсанаас хойш нэг их удалгүй, нэгэн удаагийн нислэгийн үеэр зааварлагч охиныг жолоодлогыг гартаа авахыг зөвлөжээ.
"Би шууд л зөвшөөрсөн. Жолоодлогыг гартаа авмагцаа би хэдийнэ 21 хүрчихсэн, бүх зөвшөөрлөө авчихсан, нисгэгч болчихсон мэт л санагдаж байлаа. Энэ яг л зүүд шиг байлаа. Миний мөрөөдөл биелсэн, хүссэнээрээ нисгэгч болж байна гэхээр сайхан байсан" хэмээн Эми Спайсер ярьжээ.
Эми Pipistrel цахилгаан онгоцоор нисдэг бөгөөд энэ онгоц сургалтад хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл гэж зааварлагчид өгүүлсэн байна. Эми 15 хүрээд зааварлагчгүй нисэж, 16 насандаа хувийн нисгэгчийн зөвшөөрөл авч болох бол 21 насандаа агаарын тээврийн нисгэгч болох боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |