Израил ХАМАС бүлэглэлийн тэргүүн, тус бүлэглэлийн цэргийн жигүүрийг үндэслэгчдийн нэг Яхья Синварын байршлын талаар мэдээлэл өгсөн хүнд өндөр шан амалсан байж магадгүй гэнэ. Энэ талаар The Times of Israel мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын арми гаргасан зарлалын гэрэл зураг олон нийтийн сүлжээнд тархсан байна. Энэ зарлал дээр яг одоо Синвар хаана байгаа тухай мэдээллийг авах утас, Телеграм дахь хаягийг бичсэний дээр мэдээлэл өгсөн хүний нэрийг нууцална хэмээн бичжээ. Синварын мэдээллийг өгсөн хүнд 400 мянган долларын шан өгнө гэж мөн бичсэн байсан аж.
Түүнчлэн ХАМАС-ын өмнөд бригадыг удирддаг, Яхья Синварын дүү Мухаммед Синварын талаарх мэдээлэл өгсөн хүнд 300 мянган доллар, Хан-Юнис хотод байх ХАМАС-ын батальоны командлагчийн талаарх мэдээлэл өгвөл 200 мянган доллар, цэргийн жигүүрийн өөр нэг удирдагчийн мэдээллийг өгсөн хүнд 100 мянган доллар тус тус амласан зарлалын хуудас олон нийтийн сүлжээгээр тархсан байна. Гэхдээ энэ зарлал үнэн бодит эсэхийг шалгах боломжгүй байна гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |