Zara шинэ цуглуулга болох "The Jacket"-ын сурталчилгааны зургуудаа устгахаас аргагүй болжээ. Үүний шалтгаан нь Палестиныг дэмжигч идэвхтнүүд болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн бойкоттой холбоотой юм.
Сурталчилгааны зураг дээр загвар өмсөгч цагаан даавуугаар ороосон манекенийг мөрлөн зогсон байгаагаар дүрсэлжээ. Харин энэ нь Газын зурваст амиа алдсан хүмүүсийн цогцостой адилхан харагдаж байна гэж хэрэглэгчид шүүмжилсэн байна. Газын зурваст Израилын армийн цэргийн ажиллагаанаас болж амиа алдсан хүмүүсийг цагаан даавуугаар ороон хэвтүүлсэн зураг дэлхий даяарх тархсан юм.
Харин Зара компани сурталчилгааны гэрэл зургуудыг Израил, ХАМАС-ын хоорондын дайн эхлэхээс ч өмнө авсан гэж мэдэгдсэн ч ямар ч нэмэр болоогүй талаар Ройтерс мэдээлжээ.
Сурталчилгааны зургийг ЗАРА-ийн сайт болон олон нийтийн сүлжээ, брендийн апликейшнүүдэд ч байрлуулсан байв. Эдгээр зураг дээр цагаан даавуунд ороосон манекен, эсвэл үе мөчгүй, шалан дээр хэвтэж байгаа манекенийг дүрсэлсэн бол зураг авалтын талбайн чимэглэл нь үйрсэн чулуу, хэмхэрсэн гипсэн хавтан байжээ. Энэ зургийг авахдаа өнгөрсөн зууны гар урлаачдын ажлаас сэдэвлэсэн хэмээн ЗАРА мэдэгджээ.
Харин Палестиныг дэмжигчид энэ тайлбарыг хүлээж авалгүй, бойкотлож эхлэв. Сурталчилгаа Инстаграм дээр нийтлэгдсэний дараа олон мянган хэрэглэгч Палестины далбаа, #BoycottZara гэсэн хештегтэйгээр ЗАРА-г бойкотлож, улмаар ЗАРА бүх зургуудаа устгасан байна.
The Mirror сонины мэдээлснээр, ЗАРА сурталчилгааны зургаа нийтлэснийхээ дараа ганцхан өдрийн дотор 150 мянган дагагчаа алдсан бол Канадын Монреал дахь сүлжээ дэлгүүр халдлагад өртжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |