УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн үед хуулиуд маш чанаргүй орж ирж байна. Эхнээсээ сайн бичиг ёстой. Орж ирсэн хойно нь яамд, ажлын хэсгүүд эрээн болтол нь засаж байна. 60-70 санал гэдэг бол эхнээсээ учир дутагдалтай орж ирсэн гэсэн үг. Цаашид хуулиуд ийм замбараагүй орж ирэхийг болимоор байна. Ажлын хэсэг дээр тодорхой хэдэн саналыг шийддэг болмоор байна.
Одоо батлагдах хууль ач холбогдол багатай, хэт ерөнхий болсон байна. Санхүүжилтийн тогтолцооны талаар тодорхой заалт ороогүй байна. Нийгмийн эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийг хэрхэн үнэлж, урамшуулах асуудал тодорхой бус байна.
Монгол хүний эрүүл мэндийн асуудал ноцтой хэмжээнд байгаа. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулиар монголчуудын эрүүл мэндийн асуудлыг шинэ шатанд гаргах ач холбогдолтой хууль байх ёстой.
Зөвхөн эрүүл мэнд бус бусад салбарууд ачаа үүрэх ёстой. Зам тээвэр, барилга, бусад салбарууд ачаа үүрэх ёстой. Батлагдсан төсвийнхөө тодорхой хувийг ажилчдынхаа эрүүл мэндэд зориулж, ажиллах ёстой. Салбаруудад ачаа үүрүүлэхгүй бол иргэдийн эрүүл мэндийн асуудлыг бүгдийг эрүүл мэндийн салбарт үүрүүлдгийг болих хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Нийгмийн эрүүл мэнд бол тулгамдаж байгаа асуудал. Өвчин туссан хойно нь эмчлэх гэж асар их мөнгө зарж байна. Намайг 2020 онд УИХ-ын гишүүн болж байхад ЭМДС 500 тэрбум хүрэхгүй байсан бол өнөөдөр 2 их наяд хүргэсэн байна. Өвчилсөн хойно нь эмчлэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг ийм өндөр үнээр худалдан авч байна.
Бидэнд дутагдаж байгаа том асуудал бол урьдчилан сэргийлэлт, орчны эрүүл ахуйн байдал, иргэндээ ээлтэй байх, ажлын байрандаа өвчин эмгэгтэй болдоггүй байх. Эцсийн зорилго бол монголчуудаа чанартай урт наслуулах тогтолцоотой болох нь чухал.
Салбар хоорондын уялдаа чухал. Агаарын бохирдол гэхэд бүх салбарын оролцоо чухал. Тийм утгаараа энэ хуульд Ерөнхий сайдын харьяанд үндэсний зөвлөл байгуулахаар зохицуулсан нь олон салбарын оролцоог хангахад чухал.
Бид өвчин судалдаг төвтэй болох хэрэгтэй байна. Монголчууд юунаас болж, яагаад өвдөж байгааг тогтоож, судалгаа нотолгоонд суурилсан шийдвэрүүд гаргах ёстой. Тиймээс өвчний хяналт судалгааны төвтэй ижил төвийг Монголд байгуулж, өвчлөлд хүргэж байгаа шалтгаануудыг бодитой судалж, ойрын хугацаанд ямар өвчнөөр илүү өвдөх, алийг нь урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг дэмжиж байна. Нийгмийн эрүүл мэндийн хууль хэрэгжсэнээр өвчлөлийг эрт илрүүлж, арга хэмжээ авахад тустай. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа маш муу байна. Цалин бага, хариуцлага өндөр. Сувилагчийн хомстолд орлоо. Хүний нөөцийн асуудлыг яаж бэлдэх вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа нь үнэн. Гэхдээ бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай улс эмчийн тоогоор дутагдалтайд ордоггүй юм байна. Харин нэг эмчид нэг сувилагч оногдож байгаа асуудал бий. Цаашид тодорхой бодлого дэвшүүлж, нэг эмчид хоёр сувилагч оногдох байдлаар үйл ажиллагаа явуулна.
Та бидний баталж өгсөн төсвөөр 2024.04.01-нээс орон нутагт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд орон нутгийн нэмэгдэл 40 хувийг өгнө. Аймгийн төвийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчилгээний ажилчдад 20 хувийн нэмэгдэл өгнө. Оро нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажилахад дөхөм болох болов уу.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хууль батлах нэг хэрэг. Хуулийн хэрэгжилт чухал байна. Цаг үеэ олсон зөв хууль орж ирж байна.
Агаарын бохирдлоос болоод Улаанбаатар үхлийн хөндий болчихоод байна. 5, 10 жилийн дараа уушгины хавдар маш их байх нь хэнд ч ойлгомжтой байна. Нөгөө талаар манай эрэгтэйчүүдийн асуудлыг ярих цаг нь болсон. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалж байна. Орон нутагт 35 хүртэлх насны залуус гэр бүлгүй байна. Цэрэгт тэнцэх залуус ч байхгүй боллоо. Цэргийн жагсаалыг даадаг залуу байхгүй болчихоод байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах асуудал болоод байна.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг 20, 30 жил төлдөг. Би ч төлөөд явж байгаа. Тэтгэвэр авах байх. Төлсөн мөнгийг маань хэн нэгэн банкиндаа байршуулж, идчихээд 20, 30 сая төгрөгөөр торгуулдаг. Даатгалын шимтгэлээ хэрэглэж, ашиглаагүй хүмүүсийг яаж харж үзэх вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын жендерийн асуудал алдагдсан. Нийт ажиллагсдын 82 хувь нь эмэгтэйчүүд.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байна. Энэ бол эрчүүд ар гэрээ тэжээх гэж цаг наргүй зүтгэдэг, ачааны хүндийг үүрдэгтэй холбоотой. Бас эрчүүдийн амьдралын хэв маяг, буруу дадал зуршилтай холбоотой. Монголчуудын архи, тамхины хэрэглээ нэлээд өндөр байна. Үүнээс шалтгаалсан элэг, ходоодны хавдар, хоол боловсруулах эрхтний өвчлөл эрчүүдийн дунд өндөр хувьтай байна.
Эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс өндөр байна. Тиймээс эрчүүдэд эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх, буруу дадал зуршлаас салгах чиглэлээр нэлээд бодлого гаргаж ажиллах шаардлага байна.
Уншиж байна |