Финланд Оростой залгаа хилийн боомтуудаа нээж эхлэв
2023-12-14

Хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор Оростой залгаа хилийн боомтуудаа Финланд улс 11 дүгээр сарын сүүл гэхэд бүрэн хааж байсан. Эдгээр хилийн боомтуудыг 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл түр хаана гэж мэдэгдэж байсны дагуу өнөөдрөөс эхлэн боомтуудаа нээж эхэлжээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, "Ваалимаа", "Ниираала" гэх хоёр шалган нэвтрүүлэх боомтын хөдөлгөөнийг 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сэргээх шийдвэрийг Финландын Сайд нарын танхим хуралдан шийдсэн байна. Гэхдээ ердөө нэг сарын хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 14 хүртэл хилийн боомт үйл ажиллагаа явуулах аж. 

 

Энд дуулгахад, хилийн боомтыг хаасан нь төмөр замын тээвэрлэлтэд хамаарахгүй. Тиймээс Орос, Финландын хоорондын ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилж байсан юм. Гагцхүү хуурай замаар хил нэвтрэх хүмүүст хил хаалттай байх бөгөөд Оросын талаас зохих бичиг баримтгүй гуравдагч орнуудын иргэдийг зориудаар Финландын тал руу нэвтрүүлж, ОХУ цагаачдын урсгалыг "зэвсэг болгон ашиглаж байна" гэж Финландын тал буруутгасны улмаас ийм шийд гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин