Оросын Холбооны Улсын Нижегородск мужийн хурал хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт хийхийг хориглох тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн барьжээ. Энэ нь улс даяар үр хөндөлтийг хориглох эхний алхам гэж "Важные истории" мэдээлсэн байна.
Хуулийн төслийн тайлбарт хувийн эмнэлгүүд үр хөндөлтийн үеэр хүндрэл гарвал яаралтай тусламж үзүүлэх боломжгүй, эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн болон хуулийн тусламж үзүүлдэггүй нь асар их эрсдэл дагуулдаг хэмээн онцолсон байна.Өмнө нь Нижегородск мужийн хууль тогтоох хурлын гишүүд тус мужид хувийн эмнэлгүүдэд үр хөндөлт хийхийг хориглох саналыг хэлэлцэн, дэмжсэн юм.
Өмнө нь, 10 дугаар сарын сүүлээр үр хөндөлтийг хязгаарлах тухай Оросын Үнэн алдартны сүмийн саналыг Төрийн думын эрүүл мэндийн хороо хэлэлцэж байлаа. Энэ төрлийн санал сүүлийн үед ихээр гарах болж үүнийг дагаад ард иргэд нь ч эсэргүүцэл илэрхийлж байгаа юм. Тухайлбал, 12 дугаар сарын 10-ны өдөр Казаньд эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх эрхийн төлөөх жагсаал болсон бол Калининград хотноо энэ төрлийн эсэргүүцлийн жагсаалыг 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |