Тесла хоёр сая гаруй цахилгаан машиныг эргүүлэн татна
2023-12-14

Тесла компани АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газрын шаардсаны дагуу хоёр сая гаруй цахилгаан машиныг эргүүлэн татахаар болсон талаар CNN мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан машины жолоочид туслах Autopilot  системтэй холбоотой асуудал үүссэний улмаас цахилгаан машинуудыг олноор нь эргүүлэн татахаар болсон байна. Энэ системийг асаасан үед машин осолдсон тохиолдол хэдэнтээ гарсныг Америкийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар хоёр жилийн туршид шалгасны эцэст Тесла компанийг машинаа эргүүлэн татахыг шаарджээ. 

 

Шалгалтын явцад, машины жолооч нар Autopilot системийг хэтрүүлэн ашигласан, мөн энэ системд түүнийг буруу ашиглахаас сэргийлэх шаардлагатай арга хэмжээ тусгагдаагүй байсан гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс Тесла компани машинуудаа эргүүлэн татаж, жолооч жолооны ард байхдаа анхааралтай байхыг сануулах жолоодлогын нэмэлт элемент, мэдээлэл өгөх функцүүдийг багтаахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин