Францын дунд сургуульд сонгодог зурагтай холбоотойгоор дуулиан дэгджээ. Хичээлийн үеэр бүсгүй хүний нүцгэн биеийг дүрсэлсэн сонгодог зургийг сурагчдад үзүүлсний улмаас сурагчид эсэргүүцэн жагсаж, сургалтын үйл ажиллагаа доголдсон байна. Улмаар Парисын ойролцоо орших Жака Картьегийн нэрэмжит энэ сургуульд Францын Боловсролын сайд очиж асуудлыг шийдэхээс аргагүй болсон талаар ВВС мэдээлжээ.
Үйл явдлыг тодруулвал, франц хэлний хичээл дээр Италийн зураач Жузеппе Чезаригийн "Диана ба Актеон" зургийг багш сурагчдад үзүүлсэн аж. Энэ зурган дээр ангын охин тэнгэр болон түүний дагалдагчид нүцгэнээр дүрслэгдсэн байдаг бөгөөд XVII зууны үеийн Европын зураачдын дунд бүсгүйчүүдийг нүцгэнээр дүрслэх нь ердийн үзэгдэл байсан юм.
Овидийн найраглалд өгүүлэх домгоос үүдэлтэй энэ зургийг багш сурагчдад үзүүлсэн нь дуулианы эхлэл болжээ. Ахлах ангийн сурагчид энэ зургийг үзүүлснээрээ тэднийг доромжилсон гэж үзэн, улмаар франц хэлний багшийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан байна.
Өсвөр насныхан багш нь нүцгэн хүн дүрслэгдсэн зураг үзүүлсэн нь шашны итгэл үнэмшилтэй зөрчилдсөн, хүүхдүүдийг гутаан доромжилсон хэмээн сурагчид гомдол гаргажээ. Мөн "сурагчдыг зориод эвгүй байдалд оруулах гэж ийм зураг үзүүлсэн" гэж сурагчид багшийгаа буруутгасны дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгс хэлсэн хэмээн гомдол гаргасан. Харин дараа нь энэ бүхэн нь гүтгэлэг байсан нь тогтоогдож, сурагчид багшаасаа уучлал гуйжээ. Харин гүтгүүлсэн багштай ажилладаг сурган хүмүүжүүлэгчид энэхүү үйл явдлыг хэрээс хэтэрсэн гэж үзэн, 12 дугаар сарын 11-ний өдөр ажил хаялт зарлаж, удирдлагадаа гаргасан өргөдөлд "сургуульд хүчирхийллийн тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь ийм алхам хийхэд хүргэлээ" хэмээн онцолжээ.
Хүүхдүүдийн эсэргүүцлээс үүдэлтэйгээр аюулгүй байдалдаа санаа зовнисон багш нар ажилдаа ирээгүйн улмаас Францын Боловсролын сайд Габриэль Атталь сургууль дээр ажиллаж, асуудлыг шийдэхээс аргагүй болсон байна. Ингээд хичээлийн үеэр эсэргүүцэл үзүүлж, багшийгаа гүтгэсэн сурагчдад сахилгын арга хэмжээ авна, ажил хаялт зарласан багш нарыг бүрэн дэмжинэ хэмээн Францын Боловсролын сайд мэдэгджээ.
Сонгодог урлагийг "жигшсэн" өөр тохиолдол
Сонгодог урлагийг жигшиж, зүй зохисгүй гэж эсэргүүцсэн тохиолдол өмнө нь хэд хэдэн улсад гарч байлаа. Хамгийн сүүлд гэхэд л энэ оны гуравдугаар сард АНУ-ын Флорида мужид энэ төрлийн хэрэг гарч байсан юм.
Тодруулбал, Флорида мужийн нэгэн сургуульд зургадугаар ангийнханд садар самуун бүтээл үзүүлсэн гэж нэгэн сурагчийн ар гэр гомдол гаргаснаар сургуулийн захирал ажлаасаа халагдаж байсан юм. Урлагийн түүхийн хичээл дээр сурагчдад Микеланжелогийн Давидын баримлын талаар ярьсан аж. Энэ баримал дундаж зууны үеийн урлагийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд Давид нь Голиафыг ялсан библийн дүр юм. Мөн энэ хичээл дээр Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Микеланжелогийн "Адамын бүтээл" зургуудыг хүүхдүүдэд танилцуулжээ. Харин үүнийг нэг сурагчийн эцэг эх садар самуун сурталчилсан гэж үзсэн бол өөр хоёр хүн ийм материалыг хүүхдүүдэд үзүүлэхээс өмнө эцэг эхчүүдтэй тохиролцох ёстой хэмээн үзсэн талаарх мэдээлэл гарч байлаа.
Ингээд эцэг эхчүүд гомдол гаргасны дараа сургуулийн зөвлөл захирлын асуудлыг хэлэлцэж, түүнийг сайн дураар ажлаасаа гарах эсвэл халагдах гэсэн сонголт өгсний улмаас Тallahassee Classical School сургуулийн захирал Хоуп Каррасакия ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Монголд ч мөн ийм тохиолдол гарч байв. Сануулвал, өнгөрсөн онд худгийн ус түгээгч бүсгүй хүүхэд залууст сонгодог урлагийг хүргэх зорилгоор худгийн ханан дээр Грекийн домогт гардаг Эрос түүний дурлалт бүсгүй Сайкегийн зургийг зуруулсан ч УСУГ-аас "зохисгүй зураг" гэж үзэн арилгуулж байв. Тухайн үед УСУГ-ын албан ёсны төлөөлөгчид хэвлэлийнхэнд " садар самууныг сурталчилсан зураг гэж иргэдээс гомдол ирсэн" тул зургийг арилгуулсан хэмээн тайлбарлаж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |