ХАМАС бүлэглэлийн эсрэг Израилын арми цэргийн ажиллагаа явуулж буй Газын зурваст энгийн иргэдийн дунд өлсгөлөн нүүрлэж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, байлдааны ажиллагааны улмаас Газын зурвасын хүн амын дийлэнх олонх нь орон гэрээсээ дүрвэсэн, одоо хоргодох байр болон хоол хүнс олоход тун хүндрэлтэй байгаа аж.
"Хүмүүс удаа дараа зугтахаас аргагүй болж, хүйтэн, өлсгөлөн, бөмбөгдөлтийн улмаас амиа алдаж байна" хэмээн Ройтерс мэдээлжээ.
Нэрээ нууцалсан нэгэн эр Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярихдаа гурван өдөр юу ч идээгүй, хүүхдүүдээ өл залгуулахын тулд бусдаас талх гуйсан гэж ярьсан байна.
"Би хүчтэй байгаа мэт харагдахыг хичээж байна. Гэхдээ нэг л өдөр хүүхдүүдийнхээ нүдний өмнө сөгдөн унах байх гэдгээсээ айж байгаа" хэмээн палестин эр ярьжээ.
Эргэн сануулахад 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС Израил руу халдсанаас үүдэлтэй дайны улмаас Израилын тал 1400 орчим хүнээ алдсан бол Газын зурваст амиа алдсан хүний тоо 17 мянгыг давсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |