Арабын Нэгдсэн Эмират Улсад дунд сургуулиудын нутаг дэвсгэр дээр ботаникийн цэцэрлэг, жишиг ойн аж ахуй байгуулах туршлага дэлгэрч байгаа талаар Khaleej Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дунд сургуулиуд сурагчдад хүнсний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуй эрхлэх аргын талаар хүүхдүүдэд зааж, байгаль орчинд хичээл заах мэргэжилтнүүдийг ажилд авах нь нэмэгдсэн байна.
Дубай хотод гэхэд тогтвортой хөгжил, байгалийн хичээлд гол анхаарлаа хандуулдаг хоёр ч сургууль байгаа аж. Эдгээр сургуулийн нутаг дэвсгэрт ботаникийн цэцэрлэг, амьтны хүрээлэн байгуулсны дээр тун удахгүй ферм байгуулахаар зэхэж байгаа гэнэ.
Дунд сургуулийн захирал Нав Икбалын өгүүлснээр сурагчид жимсний мод, хүнсний ногоо, амьтан арчилдаг хүмүүстэй хамтран хичээлээ хийж, тэдэнтэй хамт ферм дээр ажиллан, үр жимс суулгах зэрэг дадлага ажил хийдэг болжээ. Ингэснээр "хүүхдүүд тэвчээртэй зан сууж, тэдний иддэг хоол хүнсийг бүтээхэд хичнээн их хөдөлмөр зарцуулдгийг ойлгож, амьдралын мөчлөгийг сурах бичгээс унших биш өөрийн нүдээр харах боломжтой" болсон гэж сургуулийн захирал онцолсон байна.
Энэ сургууль жил бүр өвөл, хавар фермерийн худалдаа зохион байгуулж, олсно орлогоо сургуулийн санхүүгийн хэлтэст шилжүүлэн, суулгац, үр авахад зарцуулдаг байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |