Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, 1400 орчим хүний аминд хүрсний дээр 240 гаруй хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израил ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж, 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.
Хоёр тал дайтаж эхэлснээс хойш сар гаруй хугацааны дараа буюу 11 дүгээр сарын сүүлээр Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцохоор болж байсан. Удаа дараа сунгасан, гал зогсоох нийт найм хоногийн хугацаанд ХАМАС бүлэглэл 100 гаруй олзны хүмүүсийг суллаж байв. Харин цаашид энэ төрлийн хэлэлцээ хийхгүй байхаар ХАМАС шийдэж, болзол тулгасан байна.
Тодруулбал, "Газын зурвасын эсрэг түрэмгийлэл зогсох хүртэл Израилын талтай олзны хүмүүсийг солилцох ямар ч хэлэлцээрийг ХАМАС бүлэглэл хийхгүй" гэж тус бүлэглэлийн улс төрийн товчооны гишүүн Усама Хамдан мэдэгдсэнийг Аль Жазира дамжуулжээ.
Израилын тал энэ мэдэгдэлтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Энэ улсын тухайд Газын зурвас даяар цэргийн ажиллагаагаа идэвхжүүлсэн бөгөөд гагцхүү алан хядагчдын байршил төдийгүй энгийн иргэд хоргодож байгаа дүрвэгчдийн хуарангуудад ч агаар болон хуурай замаас цохилт өгч, иргэд олноор амиа алдаж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, Израилын армийн цэргийн ажиллагааны улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 18,2 мянгад хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |