Фрэнк Синатра: Амжилт бол өшөө авалт
2023-12-12

Өнөөдөр Синатраг дурсах өдөр. Цас орох бүрийд, тэр дундаа шинэ жилийн баярын уур амьсгал орсон өдрүүдэд түүний Let it snow дуу эгшиглэхгүй газар гэж үгүй. Гайхамшигт хоолой, бусдыг татах чадвараараа дэлхий даяар сая сая үзэгчдийг, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийг татаж явсан Синатрагийн амьдрал эхэлсэн цагаасаа л амар байгаагүй юм. 

 

Од мэндэлсэн нь

Фрэнк 1915 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нью-Жерси мужийн Хобоконд төржээ. Тэр төрөхдөө цонхигор мөн амьсгалахгүй байв. Эмч хүүхдийг амьгүй төрсөн гэж үзэн, гал тогооны ширээн дээр орхиж, ээжид нь бүх анхаарлаа тавьж эхэлсэн гэдэг.

 

Энэ үеэр эмээ нь хүүг аваад, хүйтэн усанд хийж орхив. Усанд булхмагц нярай анх удаа дуугаа хадаажээ. Синатрагийн гэр бүл энэ гэнэтийн аз жаргалд итгэж чадахгүй байв. Энэ бол домогт дуучны уран бүтээлийг дэлхий дахин мэдэх боломжийг олгосон гайхамшиг байлаа.

 

Биеийн согог 

Төрөхийн хүндрэл хүүгийн дүр төрхөнд ул мөрөө үлдээжээ. Фрэнк зургаан килограмм жинтэй төрсөн тул түүнийг төрүүлэхийн тулд эмч тусгай чимхүүр ашигласнаас үүдэн Синатрагийн нүүрний зүүн хэсэгт том сорви үлдэж, зүүн чих нь гэмтсэн аж. Ингээд түүнийг өсвөр насанд ирэхэд Фрэнкийг "Сорвит" хэмээн хочилдог байжээ. Шилжилтийн насан дээр батга өвчинтэй нүүр тулсан нь байдлыг улам дордуулсан гэдэг.

 

Ирээдүйн од үүнээсээ ихэд ичиж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийг үргэлж хичээдэг байжээ. Сорвио нууж, далдалж, зүүн талаас нь зураг авахыг эрс эсэргүүцдэг байв. Мөн өөрийгөө намхан гэж боддог байсан тул хэдэн сантиметр өндөр харагдуулах тусгай гутал өмсдөг байсан гэнэ. Синатрагийн өндөр 170 см байжээ.

 

Уран бүтээл 

Фрэнкийн ээж аав тун завгүй хүмүүс байсан тул эмээ өвөө нь хүүг хүмүүжүүлжээ. Тэд төрөхдөө үхэх дөхсөн цорын ганц ачдаа аминаасаа ч илүү хайртай байв. Төрөхийн хүндрэлээс үүдэн зүүн чих нь сонсгол муутай байсан ч энэ нь Фрэнк хөгжимд дурлахад огт саад болсонгүй.

 

Түүнийг 13 настай байхад нь ээж аав нь укулеле бэлэглэж, Фрэнк эхлээд гэр бүлийнхээ уулзалт, баяр дээр, дараа нь Хобоконы бусад газруудад тоглох болжээ. Хэдийгээр хөгжмийн боловсролгүй, нэг чих нь сонсгол муутай байсан ч тэр сонсголоороо хөгжим тоглодог байв.

 

Фрэнк 16 настайдаа сурлага муутайгийн улмаас сургуулиасаа хөөгдөв. Гэвч үүнд тэр төдийлөн гонсойсонгүй. Сургуулиас хөөгдөх үедээ тэр хэдийнэ "The Hoboken Four" квартетыг байгуулсан байсан бөгөөд энэ хамтлаг 1935 онд алдарт радио шоуны авьяаслаг залуусын тэмцээний шагнал хүртээд байсан юм. Алдартай шоуны тэмцээнээс шагнал хүртсэн нь тэд хотуудаар аялан тоглолт хийх боломж олгожээ. Залуус хот дамжин, баар, бусад газруудад тоглож, тэдний дууг радиогоор дамжуулж байв. Харин Фрэнк гоцлон дуулахыг мөрөөддөг байлаа. Тиймээс ч тун удалгүй хамтлагаасаа гарч, Манхеттенд уран бүтээлээ туурвих болжээ.

 

Фрэнк Синатрагийн уран бүтээлийг Лаки Лучано зохион байгуулж, хянадаг байв. Тэр бол Америкийн мафийн загалмайлсан эцэг, Синатрагийн нэг нутгийн хүн. Тухайн үед мафийнхан авьяаслаг залуусыг үнэ цэн нь өсөх хувьцаа гэж үздэг байсан тул ийм залуусыг ихээр ашигладаг байжээ. Тиймдээ ч мафийнхан залуу Синатрад сайхан хандаж, түүнийг амжилтад хүрэх замыг нь зассан гэдэг. Тэдний хэлэлцээрийг машинд нууцалдаг байсны дээр Фрэнк амьд ахуйдаа хэзээ ч ивээн тэтгэгчдийнхээ нэрсийг зарлахгүй гэсэн ам тангараг өгч байсан аж. Чухамдаа Фрэнк Синатрагийн энэ түүхээс санаа авч "Загалмайлсан эцэг" киноны Жонни Фонтейны дүрийг бүтээжээ. Энэ кинонд мафийн загалмайлсан эцэгтэй холбоотой, түүний ивээл дор нэр алдарт хүрч буй дуучны тухай хэсэг гардаг юм. 

 

Фрэнк дуулж байх үед бүсгүйчүүд сэтгэл хөөрлөө барьж чадалгүй хашгирч, уйлж байгаа дүр зураг дүрс бичлэгүүдэд үлдсэн байдаг. Үнэндээ энэ нь "тавилттай" байсан гэдэг.

 

1940-өөд онд Фрэнк Америкийн хамгийн залуу айдол болжээ. Мэдээж гайхамшигтай хоолой нь ийм үр дүнг авчирсан. Гэхдээ үүнээс ч дутуугүй нөлөөлсөн хүчин зүйл бий. Синатрагийн намтрын зохиолч Жорж Эванс бүсгүйчүүдээс хэн нь илүү чанга хашгирч чадахыг олж мэдэхийн тулд бүсгүйчүүдийн дунд Синатрагийн дууг сонсгодог байжээ. Ингээд хамгийн чанга хашгирч чадаж байгаа бүсгүйчүүдийг сонгон авч, Синатраг гарч ирэх бүрт нь хамгийн үнэнч шүтэн бишрэгчийн дүр эсгэн, хашгирч, сэтгэл хөдлөлөө илэрхийл гэж цагийн таван доллар төлдөг байжээ. Ингэснээр хэвлэлийнхэн төдийгүй залуусын анхаарлыг Синатра руу хандуулж чадсан аж. 

 

Амиа хорлох оролдлого

 

1950-иад оны эхээр Фрэнк Синатрагийн нэр алдар унаж эхлэв. Туйлын хүнд нөхцөлд орж байсан тэрээр амиа хорлохыг ч завдаж байжээ.

 

Тухайн үед Таймск скверээр зугаалж явахдаа шинэ од Эдди Фишерийн тоглолтыг үзэхээр тэсэн ядан зогсож байгаа хэсэг бүсгүйчүүдийг тэр олж харсан гэдэг. Үүнийг хараад атаархан, гонсойсон Синатра гэртээ харьж, хий асаан, толгойгоо шарах зуух руу хийсэн аж. Азаар менежер нь цагаа олж түүн дээр ирэв. Түүнийг ирэхэд дуучин газар хэвтэн орь дуу тавин уйлж байжээ. Үүнээс хойш Синатра гурвантаа амиа хорлохыг завдсан бөгөөд энэ нь жүжигчин Ава Гарднертэй холбоотой төвөгтэй харилцаанаас үүдэлтэй байсан гэдэг.

 

Синатра 1998 оны тавдугаар сарын 14-ний өдөр 83 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөн юм.

 

Хэдийгээр хуанлиар бол зуун төгсөхөд хоёр жил дутуу байсан ч Синатра бие барсан өдрийг сэтгүүлчид "ХХ зууны төгсгөл" хэмээн нэрлэж байв.

 

Синатраг аав, ээжийнх нь булшны хажууд оршуулжээ. Түүний булшны чулуун дээр "Илүү сайхан зүйл урд чинь хүлээж байна" хэмээн бичсэн аж.

Фрэнк Синатрагийн алдарт ишлэлүүд 

 

  • Асар их амжилт бол хамгийн шилдэг өшөө авалт
  • Эрчүүдийн хувьд гэрлэхэд хамгийн тохиромжтой нас нь 90 нас, үхлээс өмнөх хоёр минут.
  • Архи хүний дайсан гэж бодъё, гэхдээ дайснаа ч хайрла гэж Библи бидэнд сургасан биз дээ
  • Үзэн ядалт ямар ч асуудлыг шийддэггүй, харин бэрхшээл асуудлыг бий болгодог
  • Хослол, бүрх малгай, сайхан ажил, амралтын өдрөөр ганцаараа уух. Энэ бүхэн л эрчүүдийг чимдэг юм. 
  • Айдас бол логикийн дайсан. Хүн эсвэл үндэстний хувьд үүнээс илүү хүчтэй, хөнөөлт, муухай зүйл дэлхийд үгүй.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SEKSDN80955877
2023-12-12