Украины баруун хилийн замыг хаах Польшийн ачааны машины жолоочидтой Унгарын жолоочид даваа гарагаас эхлэн нэгдэхээр болжээ. Тэд украинчуудыг саадгүйгээр нэвтрүүлэх журмыг цуцлахыг шаардаж байгаа аж.
Украинтай залгаа хилийг хааж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг Унгарын цагдаагийн газраас зөвшөөрсөн байна. Унгар болон Польшийн ачааны машины жолооч нар Украины жолооч нарыг тусгай зөвшөөрөл авалгүйгээр Европын орнуудаар тээвэрлэлт хийх боломжийг өгсөн журмыг цуцлахыг шаардаж байгаа аж. Ийм хөнгөлөлттэй нөхцөл олгосноор Украины тал өрсөлдөөнд давуу эрх олж авсан, улмаар нутгийн логистикийн компаниуд ихээхэн алдагдалд орж, ихэнх нь дампуурлын ирмэг дээр байгаа гэж тээвэрчид мэдэгджээ.
Энэ сарын 18-ны өдөр Европын холбоо болон Украины хооронд дахин хэлэлцээр болно. Энэ үеэр талууд тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэж, Унгарын тээвэрчдэд үр ашигтай шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа Унгарын тээвэрчдийн үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |