Саяхан нэрт жүжигчин Жерар Депардьег бэлгийн дарамт, хүчирхийлэлд буруутгасан баримтат кино олны хүртээл болсон. Үүний дараа Францын улсын телекомпани болох France Televisions Депардье тоглосон бүх киног телевизээр гаргахгүй байхаар шийджээ.
"Бид Жерар Депардьег алдаршуулах ёсгүй. Энэ бол боломжгүй зүйл" хэмээн Францын улсын телекомпанийн кино урлаг, олон улсын хөгжил хариуцсан захирал Мануэль Алдуи мэдэгдсэн байна.
"Нэмэлт мөрдлөгө" нэртэй, дөрвөн эмэгтэйн оролцсон баримтат кино 11 дүгээр сарын сүүлээр Францын телевизээр үзэгчдэд хүрсэн юм. Энэ баримтат кинонд оролцсон Сара Брукс болон Шарлотта Арну нар Жерар Депардьег хүчирхийлэлд буруутгасан бол Мэрилен Андре, Элен Даррас нар түүнийг 2009, 2008 онд зураг авалтын үеэр бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгажээ. Энэ кино хандалтаараа дээд амжилт тогтоосон бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,03 сая үзэгч энэ баримтат киног үзжээ.
Үүнээс өмнө, энэ оны дөрөвдүгээр сард Францын Mediapart сайт Жерар Депардьег дарамт болон бэлгийн хүчирхийлэлд буруутгасан 13 эмэгтэйн гэрчийн мэдүүлгийг нийтэлж байв. Депардьегийн хохирогч хэмээн өөрсдийгөө танилцуулсан бүсгүйчүүдийн өгүүлснээр, жүжигчин тэднийг тэвэрч аван, дотуур өмд рүү нь гараа хийхийг оролдож, зүй бус үгс хэлдэг байсан гэнэ. Жүжигчин сүүлийн 20 жилийн туршид киноны зураг авалт болон олон нийтийн газар ийм зүй бус авир гаргасан гэж эмэгтэйчүүд өгүүлжээ. Мөн түүнийг ийм үйлдэл гаргаж байхад ойр орчмын хүмүүс нь болиулахын оронд, инээж хөгжилдөж байдаг хэмээн тэд ярьсан байна.
Харин үүний хариуд Депардьегийн өмгөөлөгч мэдэгдэл хийхдээ "жүжигчин эрүүгийн хуулиар шийтгэгдэж болзошгүй эдгээр үйлдлийг бүгдийг нь няцааж байгаа" хэмээн онцолжээ.Одоогоос хоёр жилийн өмнө Францын Прокурорын газар Депардьег 2018 онд залуу жүжигчин эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргийн мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн юм. Депардье энэ хэргийг ч няцааж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |