Даваа гарагийг Палестины ард түмэнтэөй эв санаа нэг байгааг илэрхийлэх бүх нийтийн ажил хаялтын өдөр болгон зарлах уриалгад Ливан нэгджээ. Энэ талаар Ливаны Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Махмуд Меккия Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
" Израилын түрэмгийллийн золиос болсон, Газын зурвас дахь палестинчуудыг дэмжих жагсаал зохион байгуулах тухай олон улсын уриалгыг хүлээн авч, бүх төрийн байгууллагын үйл ажиллагааг даваа гарагт зогсоох шийдвэрийг Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати гаргасан" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Түүнчлэн Ливаны Гэгээрэл, дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Аббас Халаби даваа гарагт төрийн болон хувийн дунд сургууль, коллеж, их дээд сургуулийг хаах тушаал гаргасан байна.
"Үй олноор амиа алдаж, хүчээр нүүн дүрвэхээс аргагүй болсон Палестины ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэн Газын зурвас болон Ливаны өмнөд хэсэгт байгаа энгийн иргэдийг хамгаалахын тулд дуу хоолойгоо өргөхийг бид уриалж байна" хэмээн Халаби мэдэгджээ.
Бүх нийтийн ажил хаялтыг дэмжиж байгаагаа Ливаны банкны холбоо болон Үйлдвэрчний эвлэлүүд ч илэрхийлсэн байна. Өмнө нь ХАМАС бүлэглэлийн удирдлага 12 дугаар сарын 11-ний өдрийг Газын зурвасын хүн амыг дэмжин бүх нийтийн ажил хаялт зарлах олон улсын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |