УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нараас Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид малаа ярихгүй ёстой. Малаа, малчнаа ярихгүй их удлаа. Монгол Улсын малгүй, малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч бид мал, малчныхаа онцлогийг дэлхийд гаргаж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн яам, үе үеийн сайд нар сэтгэлд хүртэл ажиллахгүй байна.
Манай Баянхонгор аймгийг яаж гийгүүлсэн юм бэ. ХХААХҮЯ манай Баянхонгор аймагт яаж ажилласан вэ?
Өвлийн хүйтэн болж байна, малын тэжээл хаана байна вэ. Үхрэнд ээмэг ярих яахав. Малчид малынхаа араас явж байгаад нас барж байна. Дизелийн түлш байхгүй. Малчдын портер дизелийн түлшээр явдаг. Нөхцөл байдал маш хүнд байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Мал эмнэлэг, үржлийн алба энэ жил 100 жилийн ойгоо хийлээ. 100 жилийн хугацаанд алдаа, онооны аль аль нь байсан. 1990 оноос өмнө малаа эрүүлжүүлэх талаар сайн ажилладаг байсан. 1990 оноос хойш энэ чиглэл хаягдсан. Энэ бүхэн УИХ хөрөнгө батлахгүй байсантай холбоотой. Энэ жил анх удаа мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг хоёр дахин нэмлээ.
2024 онд арьсны ширний үйлдвэр байгуулахаар 11 тэрбум төгрөг төсөвт тавьсан. Хувийн хэвшлийн үйлдвэр барих бодлогыг дэмжинэ. Улс үйлдвэр барихгүй. Дэд бүтцийг нь байгуулахаар 11 тэрбум төгрөг тавьсан" гэх хариултыг өглөө.