Хятадад газар дор 2,4 мянган метрийн гүнд лаборатори байгуулж, ашиглаж эхэлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. Энэ нь дэлхийн хамгийн том, хамгийн гүнд байрлах лабораторид тооцогдож байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ лаборатори Сычуань мужийн Жинпинь уулсын дор байрладаг гэнэ. Энэ лабораторид хар материйг судлах бөгөөд газрын гүнд лаборатори байрласнаар ажиглалтад саад болдог ихэнх цацраг, долгионыг хааж, судалгаа хийхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн энэ лаборатори цөмийн астрофизик, сансар судлал, байгалийн шинжлэх ухаан болон уулын чулуулгын механикийг судлах юм байна.
Газрын гүнд лаборатори байгуулах ажлыг 2020 оны 12 дугаар сард эхлүүлсэн. Цинхуа их сургууль болон Yalong River Hydropower компани хамтран барилгын төслийг хэрэгжүүлжээ. Цогцолборын нийт эзлэхүүн нь 330 мянган куб метр буюу олимпын 120 усан сантай дүйхүйц хэмжээтэй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |