Ханбогд сумын удирдлагуудын хууль бусаар газар эзэмшүүлсэн хэрэг прокурорт шилжжээ

Өмнөговь аймгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлсэн асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажилаж байсан Э, Н нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023.09.23-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснийг мэдээлэв.
Ханбогд сумын Засаг дарга асан Э нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж,
Фүжибит ХХК-д 13.6 га газар
Ийзи транспорт ХХК-д 14.5 га газар
Силвер титан интернэйшнл ХХК-д 13 га газар
Бат-Оршихбаян ХХК-д 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй.
Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь
Сан Арвитай ХХК-д 20 га газар
Лилия гарден ХХК-д 10 га газар
Соронзон говь ХХК-д 20 га газар
Аз хур трэйвэл ХХК-д 10 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд энд төрийн албан хаагчаас гадна хувийн хэвшлийн төлөөлөл ч байгаа аж.
Гадаадын хөрөнгө оруулалттай дээрх компаниудад хууль зөрчин газар эзэмшүүлсэн асуудал нүүрсний сонсголын үеэр ил болсон. Түр хорооны дарга Б.Энхбаяр болон Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг АТГ болон Засгийн газарт чиглэл болгоод байсан. Гэтэл АТГ үүнээс өмнө хэргийг шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байжээ.
Харин Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу АТГ, прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, асуудлыг шалгаж эхэлснийг тус газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ