Оросын дунд сургуульд сурагч гал нээсэн хэрэг дахин гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Брянск мужийн Брянск хотын гимнаизид наймдугаар ангийн сурагч охин сургууль дээр зэвсэг авчиран, бусад руу бууджээ.
Тодруулбал, сургууль дээр аавынхаа бууг авчирсан охин ангийнхаа таван сурагчийг буудан шархдуулж, дараа нь амиа хорлосон байна. Шархадсан сурагчдын нэгийнх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, сурагч охин ангийнхантайгаа таарамж муутай байжээ.
Цагдаагийнхан дуудлага авч, хэргийн газар ирсэн даруйдаа гимназийг бүслэн, бүх сурагчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Одоо хүний амь хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд бусдыг буудаж, дараа нь амиа хорлосон охины эцгээс мэдүүлэг авч байгаа аж. Охин сургууль дээрээ аавынхаа "Бекас-3" гэх ангийн бууг авчирсан байсан гэнэ.
Хэрэг үйлдсэн охины ар гэрээс гадна сургуулийн захирлаас ч мөн мэдүүлэг авч байгаа бөгөөд хамгаалалтын албаар хамгаалуулдаг сургуульд охин хэрхэн буу авч орж чадсаныг мөрдөн байцаагчид тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Энд дуулгахад, Оросын сургуулиуд бүгд хамгаалалтын албанаас томилогдсон хамгаалагчтай, ажиглалтын камерын системтэйн дээр шаардлагатай үед шуурхай мэдээлэл дамжуулах түгшүүрийн дохиололтой байдаг. Энэ нь тус улсад сурагчид гал нээсэн хэрэг хэдэнтээ гарснаас үүдсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
Оросын сургуулиудад гал нээсэн бусад тохиолдол
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Оросын дунд сургуулиудад сурагч гал нээсэн хэрэг хэдэнтээ гарч байлаа.
2021 оны тавдугаар сард Казань хотын сургуульд энэ сургуулийн сурагч байсан 19 настай Ильназ Галявиев гал нээсний улмаас 14-15 насны долоон сурагч, хоёр багш гээд нийт есөн хүн амиа алдсан юм. 2023 оны дөрөвдүгээр сард Галявиевтэй холбогдох хэргийн шүүх хурал өндөрлөж, шүүх түүнийг олон хүний амь хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн, бүх насаар нь хорих ял оноосон. Чухамхүү энэ хэргийн дараа Оросын Ерөнхийлөгч Путин зэвсэг хадгалах журмыг чангатгахыг үүрэг болгож байв.
2019 оны 11 дүгээр сард Благовещенск хотод 19 настай оюутан Барилга, орон сууц нийтийн аж ахуйн коллежийн байранд гал нээж, нэг оюутныг хөнөөж, гурван оюутныг шархдуулсан юм. Гал нээсэн оюутан амиа хорлосон.
2018 оны 10 дугаар сард Крымийн Керченскийн политехникийн коллежид 18 настай оюутан Владислав Росляков гал нээсэн хэрэг гарсан юм. Тэрбээр сургуулийнхаа цайны газарт дэлбэрэх төхөөрөмж байршуулж, дараа нь оюутан болон сургуулийн ажилтнууд руу гал нээж, үүний дараа амиа хорложээ. Дэлбэрэлт, буудлагын улмаас 21 хүн амиа алдаж, 71 хүн шархадсан юм.
Энэ хэргээс дөрвөн жилийн өмнө, 2014 оны хоёрдугаар сард Москвагийн сургуульд гал нээсэн нь Орост сургууль руу халдаж, олон хүний аминд хүрсэн анхны тохиолдол болж байв. Тухайн үед 10 дугаар ангийн сурагч Сергей Гордеев сургуульдаа ирэхдээ винтов авчирж, газарзүйн багшаа буудан, ангийнхнаа барьцаалсан юм. Хэргийн газарт цагдаагийнхан ирэхэд тэрбээр цагдаагийнхан руу буудаж, хамгаалагчийг хөнөөн, нэг цагдааг шархдуулсан. Гордеевыг хүн барьцаалсан, хөнөөсөн, хууль сахиулагчдын амь насанд халдсан хэрэгт буруутгасан ч хожим нь түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн, албадан эмчилгээнд явуулж байв.
Г.Бямбасүрэн