Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн "Сая сая сарнай" дуунд гардаг түүхтэй төстэй үйл явдал Японд болжээ. Энэ дуун дээр дурласан бүсгүйдээ сэтгэлээ илчилэхээр байшингаа зарж хэдэн сая сарнай худалдаж авдаг бол Японы өндөр настан эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхээр хэдэн мянган цэцэгс тарьсан гэдгээрээ ялгаатай аж.
NTD сувгийн дамжуулснаар, Тосиюки, Ясуко Куроки нар ханилаад 30 гаруй жилийн нүүр үзжээ. Нас ахихын хэрээр эхнэр Ясуко чихрийн шижин өвчний улмаас хараа нь муудаж улмаар сохорсон байна. Хараагүй болсон эхнэр нь сэтгэл санаагаар унаж, гэрээсээ гаралгүй, хэнтэй ч харьцахыг хүсэхгүй байгааг харсан Тосиюки эхнэрээ сэтгэл санаагаар нь дэмжих арга хайж эхэлжээ.
Ингээд бүхэл өдрийг гэртээ өнгөрүүлж, найз нөхөдтэйгээ ч харилцахаас зайлсхийдэг болсон эхнэрийнхээ сэтгэл санааг өргөхийн тулд цэцэг тарих санаа олсон гэнэ. Эхнэр нь цэцэгсийн үнэрийг мэдрээд, гэрээсээ гарна гэж Тосиюки боджээ. Ингээд рхоёр жилийн хугацаанд гэрээ тойруулан хэдэн мянган цэцэг суулгаж, харин эхнэр нь гэрээсээ гарч, цэцэгсийн үнэрийг мэдрэх дуртай болсон гэнэ.
Гэрээ тойруулан цэцгэн хивс бүтээсэн Тосиюкигийн хүчин чармайлт эхнэрт нь таалагдаад зогсохгүй жуулчдыг ч татах болсон аж. Жил бүр 7000 гаруй хүн тэдний цэцэгт талбайг харахаар ирж, хоёр настантай мэндлэн, ярилцдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |