Газын зурвасын хойд хэсэгт үлдсэн цорын ганц эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоожээ
2023-12-07

Газын зурваст дайн дэгдэснээс хойш олон эмнэлэг халдлагад өртөж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улмаар Газын зурвасын хойд хэсэгт цорын ганц эмнэлэг өвчтөнүүдийг хүлээж авч байсан юм. Харин энэ эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болжээ. 

 

Тодруулбал, Газын зурвасын хойд хэсэг дэх Бейт-Лахия хотод үлдсэн цорын ганц эмнэлэг түлшний хомсдол, Израилын армийн хүчтэй цохилтын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон гэж Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, Израилын арми Бейт-Лахия хотын эмнэлгийг бүслэж, агаарын болон артиллерийн цохилт өгч байгаа гэнэ. Мягмар гарагт шилжих шөнө энэ эмнэлэг 100 гаруй цогцос хүлээн авсан ч Израилын талын цохилтын улмаас цогцосыг оршуулах боломжгүй байгаа аж.

 

Сүүлийн хоёр өдөр эмнэлгийн ойролцоох бүс нутаг Израилын армийн агаарын цохилтод хоёронтоо өртсөн байна. Түүнчлэн Израилын цэргүүд болон палестинчуудын хооронд ширүүн тулаан өрнөж байгаа тул амиа алдсан, шархадсан хүмүүсийн тоо цаг тутамд нэмэгдэж байгаа гэнэ. Мөн энэ эмнэлэгт 10 мянга орчим хүн түр хоргодож байгаа бөгөөд эмнэлгийг тойроод байлдааны ажиллагаа өрнөж байгаа тул эмнэлгийн байрыг орхиж чадахгүй байгаа аж.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсаны хариуд Израил тус бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ дайны улмаас 10 дугаар сарын долооноос 12 дугаар сарын дөрөвний хооронд 15 889 палестин хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүрэлсүх:
Лал биш бол хүн биш ал гэдэг муу ёрын шашин даа
2023-12-07