Украины Дээд радын гишүүн асан Илья Кива ОХУ-ын Москва мужид буудуулжээ. Энэ талаарх мэдээллийг ОХУ-ын хууль сахиулах байгууллагууд мэдээлснийг Ройтерс дамжуулсан байна.
ВВС агентлагийн Украины редакцид мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Илья Кива амиа алдсан нь Украины Аюулгүйн зөвлөлийн тусгай ажиллагааны үр дүн гэнэ. Лхагва гарагт түүний цогцосыг Москва орчмын Супонево тосгоноос олсон бөгөөд буудуулж амиа алдсантай нь холбоотойгоор "Хүний амь насыг бүрэлгэх" зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Украины тагнуулууд тусгай ажиллагаа явуулан түүнийг хөнөөсөн гэх хувилбарыг Украины тал ч баталсан байна.
"Тийм ээ, Кива дууссан гэдгийг бид баталж чадна. Украинаас урвасан бусад хүмүүсийг ч ийм хувь тавилан хүлээж байгаа" хэмээн Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын албан ёсны төлөөлөгч Андрей Юсов мэдэгдсэнийг РБК-Украина сайт дамжуулжээ.
Илья Кива нь Оросын талыг баримтлагч "Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө" намын гишүүн байсан бөгөөд энэ намаас сонгогдон Дээд радын гишүүн болж байв. Энэ оны 11 дүгээр сард Украины Львов хотын шүүх түүнд 14 жилийн хорих ялыг эчнээгээр оноож байв.
Тэрээр төрөөс урвасан, дайсагналыг дэврээсэн, төрийн эрх мэдлийг булаан авах, түрэмгий дайн өдөөхийг уриалсан, коммунист тоталитар дэглэмийн бэлэгдлийг олон нийтийн газарт ашигласан хэрэгт буруутгагдсан юм. Илья Кива ОХУ Украин руу түрэмгийлэн орохоос өмнөхөн Украинаас явж, Орост амьдрах болсон бөгөөд Украины эсрэг дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчдын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлдэг байв.
Кива Укаины Полтав хотод төрсөн, тэндээ Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, дараа нь цагдаагийн газарт ажилладаг байжээ. 2014 онд Евромайданд оролцох үеэрээ "Барууны сектор"-ын тэргүүн Дмитрий Яроштой танилцаж, дараа нь энэ намын Полтав дахь үүрийг тэргүүлэх болж, Ерөнхийлөгчийн сонгуульд Ярошийн итгэмжит этгээдээр ажииллаж байв. 2014-2015 онуудад Донецк, Луганск мужууд дахь хүчний ажиллагаанд оролцож, Донбассыг "хүчээр украинжуулах" ажлыг дэмждэг байжээ. Харин 2019 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшин оролцож, нэг ч хүрэхгүй хувийн санал авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |