Гайана улс тус улсын Эссекибо нутгийг өөрийн 24 дэх муж хэмээн тунхагласан Венесуэл улсаас өөрсдийгөө хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Гайанагийн Ерөнхийлөгч Ирфаан Али мэдэгдсэнийг Ассошейтеде Пресс агентлаг дамжуулжээ.
Ерөнхийлөгч Ирфаан Алигийн мэдэгдсэнээр, Гайанагийн засгийн газар тус улсын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг эзлэх Эссекибог хамгаалахын тулд холбоотнууд болон бүс нутгийн түншүүддээ хандсан гэнэ. Мөн хэд хэдэн оронтой хамтын ажиллагааны хэлэлцээрийг Гайанагийн Зэвсэгт хүчин явуулж байгаа аж.
"Венесуэл элс хэтийдсэн алхам хийсээр байвал бид хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Бид хариу арга хэмжээнд бэлдэж байна" хэмээн Гайанагийн Ерөнхийлөгч онцолжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Эссекибог Венесуэлийн нутаг дэвсгэр гэж 12 дугаар сарын зургааны өдөр зарлан, маргаантай бүс нутгийг хамгаалах хууль батлахыг парламентдаа уриалсан юм. Үүнээс өмнө, 12 дугаар сарын дөрөвний өдөр олон нийтийн санал асуулга явуулж, Венесуэлийн иргэдийн 95 хувь нь Эссекибог улсынхаа бүрэлдэхүүнд багтаахыг дэмжсэн. Харин энэ алхам нь Эссекибог эзлэн түрэмгийлэх гэсэн Венесуэлийн оролдлого гэж Гайана үзэж байгаа юм.
Энд дуулгахад, байгалийн баялаг ихтэй, ширэнгэ, голоос бүрдэх Эссекибо бүстэй холбоотой газар нутгийн маргаан 200 гаруй жилийн түүхтэй. Улмаар 1966 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Венесуэл болон Гайана Женевийн гэрээнд гарын үсэг зурснаар Эссекибо дахь маргаантай нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдэж, Гайанагийн мэдэлд очсон юм. 1999 онд Парисын шүүх Эссекибог Гайанагийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, үүний дараа НҮБ-ын Олон улсын шүүх энэ нутаг дэвсгэртэй холбоотой аливаа маргаан гаргахыг Венесуэлд хориглож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |