Украины эсрэг дайн өдүүлснээсээ хойш гадаад айлчлалынхаа цар хүрээг эрс хумисан Владимир Путин лхагва гарагт Ойрх Дорнодын улсыг зорив. Тэрбээр энэ удаад Украины эсрэг өдүүлсэн дайны улмаас Баруунтай түнжин хагарснаас хойш харилцаагаа бэхжүүлсэн, газрын тосны хоёр орныг зорьсон юм.
Тодруулбал, лхагва гарагт Путин Оросын дөрвөн Су-35 сөнөөгч онгоцоор хамгаалуулан Арабын Нэгдсэн Эмират Улсад газардсан бол мөн өдрийнхөө орой нь Саудын Арабыг зорьжээ. Энэ хоёр улс хоёулаа Путинийг баривчлах тогтоол гаргасан Гаагийн Олон улсын шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй тул Путин айх аюулгүй айлчилсан нь энэ.
2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш Владимир Путин гадаад орныг бараг зорихгүй байгаа. Дайн эхэлснээс хойш түүний хийсэн айлчлал Иран, Хятадаар л хязгаарлагдана. Иран бол Украины хотуудыг бөмбөгдөхөд нь зориулж камиказе дрон нийлүүлж байгаа улс, харин Хятадын тухайд, ОХУ барууны хоригт орсноос хойш энэ улсын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай болсон юм.
Харин Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын статутад нэгдсэн Өмнөд Африкт БРИКС+ дээд хэмжээний уулзалт болоход Путин очоогүй. Түүнийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров орлож байлаа.
Энэ бүхний дараа Путин Хятад руу айлчилж, дараа нь Ойрх Дорнодыг зорьсон нь Хятад, Иран, Хойд Солонгос, Беларусь зэрэг мөнхийн нөхдөөс нь гадна Орост өөр томоохон түншүүд байдаг гэдгийг дэлхийн тавцанд харуулах зорилготой байсан гэж шинжээчид үзэж байна.
ОХУ бол Ойрх Дорнод дахь томоохон тоглогч, учир нь Сирийн дайнд оролцож, Башар Асадын дэглэмийг өнөө хэр дэмжсээр байгаагийн дээр Палестины ХАМАС бүлэглэл, Ойрх Дорнод дахь исламын бүлэглэлүүдийн гол ивээн тэтгэгч гэгддэг Ирантай нягт холбоо харилцаатай байдаг юм.
АНЭУ, Оросын харилцааны тухайд гэвэл, Украин руу Орос халдсанаас хойш АНЭУ Оросын бизнес, олон улсын худалдааны төв болон хувирсан. Чухамхүү энэ улс руу Оросын газрын тосны трейдерүүд нүүдэллэж, Дубайг дамжин Оросын мөнгө урсаж, мөн дайны дараа томоохон бизнесменүүд гэр бүлээрээ энд амьдрах болсон юм.
Путинийг Абу-Дабид угтсан нь
Лхагва гарагт Путинийг Абу-Дабид газардахад хүндэт харуул жагсан, агаарын шоу үзүүлж, тэнгэрт онгоцууд утаа гарган, Оросын далбааны өнгийг дүрсэлж байв.
Путинийг нисэх буудал дээр АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Бен Заид Аль Нахайян угтан авсан байна. Ингээд Оросын Ерөнхийлөгч АНЭУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар явах замд түүний цуваан дээгүүр онгоцууд нисэж, Оросын далбааны өнгө гаргажээ. Мөн цуваа явж өнгөрөх замын хажуугаар Орос, АНЭУ-ын далбааг мандуулсны дээр тэмээтэй харуулууд зогсож байсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн цуваа явах үеэр онгоцууд хоёронтоо тойрог гарган ниссэн нь "дээд зэргийн хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг" гэж Оросын хэвлэлүүд бичиж байлаа. Үнэндээ гадаадын бусад өндөр дээд зочин ирэх үеэр ч АНЭУ ийм хүндэтгэл үзүүлдэг. Тухайлбал, 2018 онд Ши Жинпинь айлчлах үед мөн л онгоц нисэн, хүндэтгэл үзүүлж байлаа.
Путинийг ийн угтсанд тэрбээр шейхэд талархал илэрхийлсэн бол шейх түүнийг "хүндэт нөхөр" хэмээн нэрлэж, талууд хоорондын холбоо харилцаа, худалдаа өсөн нэмэгдэж байгааг магтаж байв.
Оросын Ерөнхийлөгч гадаад айлчлалаа удаан үргэлжлүүлдэггүй. Тиймдээ ч лхагва гарагийн орой сөнөөгч онгоцнуудын хамгаалалтан дор Москваг зорьсон байна. Өнөөдөр тэрбээр Москва хотод Ираны Ерөнхийлөгчтэй уулзах юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |