Америкийн Вашингтон мужийн оршин суугч Лэнни Берилл 20 жилийн туршид модоор зүрх хийж, танихгүй хүмүүст бэлэглэж байгаа гэнэ. Түүний талаар NTD суваг дамжуулжээ.
Лэнни Беррилл одоо 82 настай, 20 жилийн туршид олон мянган зүрх хийсэн гэнэ. Одоогоос хорин жилийн өмнө эхнэртээ зориулж модоор зүрх хийж өгөхөд эхнэрт нь ихэд таалагдсан тул тэр дахин зүрх хийж эхэлжээ. Лэнни өдөр бүр модон дээр зүрх зурж, дараа нь түүнийгээ сийлж авдаг байна. Нэг зүрх хийхэд 20 минут шаардагддаг, жилийн туршид 1500 зүрх хийдэг аж.
Ингээд Лэнни өдөр бүр гэрээсээ гарахдаа модон зүрхээр халаасаа дүүргэн гарч хүмүүст тараадаг гэнэ. "Зөөгч, худалдагч, бяцхан хүүхдүүд гээд хэнтэй ч тааралдсан байсан жижигхэн зүрхээ бэлэглэдэг" хэмээн Лэнни ярьжээ. Нэгэн удаа, дэлгүүрийн дараалалд зогсож байхдаа хажууд байх эмэгтэйд модон зүрх бэлэглэсэн байна. "Тэр эмэгтэй үүнийг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн. "Өнгөрсөн онд хүү минь өнгөрснөөс хойш зүрхэнд минь хоосон орон зай үүсээд байсан юм" гэж хэлээд надад талархлаа илэрхийлж байлаа" хэмээн Лэнни ярьжээ.
Лэнни хийсэн зүрхнүүдээ сургуулийн зөвлөх албанд ч бэлэглэдэг. Энэ албаны сэтгэлзүйчид хүнд асуудалтай тулгарсан хүүхдүүдэд Лэннигийн хийсэн зүрхийг өгч, сэтгэл санаагаар дэмждэг байна.
"Дэлхий дээр зүрх нь зүсэгдсэн олон хүн бий. Надад биш миний хийсэн зүрхэнд л хамаг учир байгаа юм" хэмээн Лэнни ярьжээ.
Лэннигийн өгүүлснээр, түүнээс зүрх авсан хүмүүс ихэд баярлаж, сэтгэл нь хөдөлж, Лэннид талархлаа илэрхийлдэг тул тэрбээр ажлаа үргэлжлүүлэх урам зоригтой болдог гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |