Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж, гэрийн даалгавар, нэмэлт сургалт бэлтгэлээс үүдэлтэй ачааллыг багасгах үүднээс гэрийн даалгавар, шалгалтын тоог багасгаж, сургуулиас гадуурх сургалтын үйл ажиллагаанд хатуу хяналт тавих болсон юм. Энэ нь хэт их хүн амтай улсад сурагчдыг хичээлээр дарж, улмаар сэтгэл гутрал, биеийн эрүүл мэндэд нөлөөлж сөрөг үр дагавар олноор гарах болсонтой холбоотой аж.
Харин энэ удаад хүүхдүүдийг чийрэгжүүлэх зорилгоор биеийн тамирын хичээлийг чанаржуулж, цагийг нэмэхээр болсон байна. Жэнминь жибао сонины мэдээлснээр, Гуандун мужийн Шэньжэнь хот дунд сургуулиудад 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн биеийн тамирын хичээлийн цагийг нэмэхээр болжээ. Ингэснээр бага болон дунд ангийнхан өдөр бүр биеийн тамирын хичээлтэй байх бол ахлах ангийн сурагчид долоо хоногт гурван удаа биеийн тамирын хичээлд хамрагдах юм байна.
Шэнжэний эрх баригчид 2025 он гэхэд сурагчдын 99 хувь нь жил бүр хотоос зохион байгуулдаг биеийн эрүүл мэндийн шалгалтыг давж, үүнээс 70 хувь нь шалгалтыг онц дүнтэй өгсөн байх зорилт тавьж байгаа аж. Хятадын эцэг эхчүүд болон сурагчид бусад хичээлд хэт анхааран биеийн тамир, хөгжим, урлагийн хичээлийг орхигдуулах нь түгээмэл байдаг. Тиймээс Хятадын Боловсролын яам биеийн тамирын хичээлд онцгой анхаарал хандуулж, ахлах сургуульд элсэхэд биеийн тамирын хичээлээр шалгалт авдаг болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |