Ухаалаг утас үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг, түүнчлэн гэр ахуйн цахилгаан бараа, планшет, ухаалаг цаг, цахилгаан скүтер, цахилгаан дугуй зэрэг олон төхөөрөмж үйлдвэрлэдэг Xiaomi цахилгаан машин үйлдвэрлэхээр болсон талаарх мэдээлэл энэ оны дундуур гарч байсан.
Улмаар эхний 300 машиныг он дуусахаас өмнө үйлдвэрээс гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Синхуа агентлагийн мэдээлснээр, эхний ээлжинд үйлдвэрээс гарах машинууд туршилтын зориулалттай байх бөгөөд 2024 оны эхний улиралд машиныг олноор худалдахаар төлөвлөж байгаа аж.
Xiaomi компани 10 жилийн хугацаанд автомашины салбарт 10 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсон талаараа анх 2021 оны гуравдугаар сард зарлаж байлаа. Энэ компани жилд 300 мянган машин үйлдвэрлэхээр зэхэж байгаа бөгөөд одоогоор гурван загварын машины төслийг гаргаж, ойрын гурван жилд ар араас нь үйлдвэрлэн гаргах юм байна. Эхний хоёр загварын машин нь цахилгаан, харин гурав дахь нь гибрид байх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |