Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй тус намын долоон гишүүн хамтран компани байгуулж, Тавантолгой ХК-тай 50 000 тонн нүүрсний гэрээ байгуулсан асуудал яригдсан. Уг асуудалтай холбогдуулан АН-ын залуус өнөөдөр мэдээлэл хийж, Л.Гантөмөр хилийн хориг тавих ёстой гэж мэдэгдэв.
АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг "Өнгөрсөн 30 жилд МАН, АН-ын удирдлагууд ямар бузар булай үйлдэл хийсэн нь илчлэгдэж байна. 2024 он бол МАН-ын, АН-ын хулгайч гэхгүй, Монгол төрийг хулгайч нараас цэвэрлэх сонгуулийн жил байх болно. АН-ын удирдлага хулгайчдаар дүүрэн байна. АН-ыг хулгайч нараас цэвэрлэх ёстой. Тэгж байж ардчилал ард иргэдийн итгэлийг олж авна.
Нүүрсний сонсголыг АН руу чиглүүлж байна гэж Л.Гантөмөр мэдэгдэл хийсэн. Чиглүүлэх юм байхгүй. АН-ынхан жижиг Тавантолгойг идэж, уусан нь үнэн. Том Тавантолгойг МАН-ынхан идэж уусан нь үнэн. Сонсголын дараа энэ хулгайч нарыг шалгах хэрэгтэй. АН хулгайч нарын нөмөрлөж, хамгаалдаг шүхэр байж болохгүй. Хулгайч нарыг зайлуулж, шинэ удирдлагатайгаар 2024 оны сонгуульд орох ёстой.
Эхнэр, үр хүүхдийнхээ нэрээр хулгай хийдэг балиар юм аа болиоч. Үнэхээр гэр бүлдээ хайртай бол эхнэрээ, үр хүүхдээ улс төрийн бузар булхайд битгий оролцуул. Нүүрсний хулгайчдаар дүүрсэн АН-ын удирдлага яаж ард түмний итгэлийг авах юм бэ" гэсэн байр суурийг илэрхийлж, АН-ын дарга Л.Гантөмөр хилийн хориг тавих шаардлагыг хуулийн байгууллагад хүргүүлэхээ мэдэгдэв.
Уншиж байна |