УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд сууж, хууль хэлэлцэн батлах. Гэвч манай парламентын гишүүд ажилдаа ирэхгүй байх нь цөөнгүй. УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүйгээс чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, чухал хуулиуд "унах" нь энүүхэнд болоод буй.
Тиймээс УИХ-аас гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлаж эхэллээ. Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын ирцийн мэдээгээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийт 10 хуралдааны 9-д нь ирээгүйгээр тэргүүлж байна. Тэрбээр 8 хоногт нь эмнэлгийн чөлөөтэй байсан бол 1 удаа тасалжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар 7 удаагийн хуралдаанд оролцоогүй байна. Б.Баярсайханы хувьд 5 удаа чөлөө авч, 2 удаагийн чуулганы үеэр гадаадад байжээ.
Харин хамгийн олон тасалсан гишүүдийг Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар тэргүүлж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн нарын гишүүд нэг ч таслахгүй чуулганы хуралдаанд бүрэн сууж, үндсэн үүргээ биелүүлжээ.
Уншиж байна |