Оросын цөмийн энергийн төрийн корпораци болох "Росатом" Монголд бага чадлын атомын цахилгаан станц барьж магадгүй, энэ талаар Дубайд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн оролцогч талуудын бага хурлын үеэр хоёр тал хэлэлцсэн гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Росатом" төрийн корпорацийн харьяаны Rusatom Energy Projects компани болон Монголын Мон-Атом компани Монголд бага чадлын атомын цахилгаан станц барих тухай урьдчилан тохиролцсон байна. Түүнчлэн Монголын Dayan Deerkh Energy компани атом, салхин болон усны эрчим хүчний салбарт эрчим хүчний төслүүдийг Росатом компанитай хамтран хөгжүүлэх талаар тохиролцжээ.
Интерфас агентлагийн мэдээлснээр,Монголд цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн төслийг боловсруулах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Росатом, Монгол Улсын Цөмийн эрчим хүчний комисс 2023 оны эхээр гарын үсэг зурсан байна.
Бага чадлын атомын цахилгаан станц гэж юу вэ?
Хүн төрөлхтөн атомын эрчим хүчийг ашиглаад 70 гаруй жилийн нүүрийг үзэж байна. 1954 онд Оросын Обнинск хотод атомын цахилгаан станц ашиглалтад оруулсан нь дэлхийн анхны энэ төрлийн станц байв. Тэр үеэс хойш 30 гаруй оронд атомын цахилгаан станц бартигдсан бөгөөд дэлхий дээр байгаа нийт атомын эрчим хүчний блокын тоо 440 гаруй байгаа юм. Мөн цамийн эрчим хүч дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийг хангадаг аж.
ЗХУ, АНУ, Их Британи, Франц арай хожим БНХАУ зэрэг аж үйлдвэр хөгжсөн орнуудад цөмийн эрчим хүч цэргийн хэрэглээнээс гарч, энхийн зорилулалтаар ашиглагдах болсон юм. Атомын станц эдгээр орнуудад хурдацтай хөгжил авчирсны дээр шинэ аргаар, нүүрс, газрын тос, хий ашиглахгүйгээр өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах боломж олгожээ.
Эдгээр орнуудын эрчим хүчний асар их хэрэгцээ, эрчим хүчний системийн хөгжил илүү хүчтэй атомын эрчим хүчний блок бүтээхэд нөлөөлсөн. Өнөөдөр атомын цахилгаан станцын нэг эрчим хүчний блок 1100-1600МВт хүчин чадал хүртлээ өсчээ.
Харин сүүлийн үед бага чадлын атомын цахилгаан станцыг хөгжүүлэх сонирхол улам бүр нэмэгдэж байна. Энгийн атомын цахилгаан станцын эрчим хүчний блок овор хэмжээ, суурилуулахад нарийн ажил шаардагддаг зэргээс хамаарч нэг блокийг л төсөвлөж, барихад 5-10 жил, 5-7 тэрбум долларын зардал шаардагддаг бол бага чадлын атомын цахилгаан станцыг 2-3 жилд барих боломжтой байдаг аж. Мөн энгийн атомын цахилгаан станцтай харьцуулахад хийц бүтэц энгийн, хялбаршуулсан байдаг тул зардал, өртөг багатай байдаг гэнэ.
Бага чадлын атомын цахилгаан станц нь төвийн цахилгаан эрчим хүчний сүлжээнээс алслагдсан хэрэглэгчдийн эрчим хүчийг тогтвортой, экологийн цэвэр байдлаар хангах, агаар мандалд СО2 хаягдал ихээр хаядаг хуучин цахилгаан станцыг солиход хамгийн тохиромжтой хувилбарт тооцогддог юм.
Г.Бямбасүрэн