Сонсголын эхлэлийг энд дарж уншина уу.
Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Үдээс хойших сонсголоор орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтыг хэлэлцэж байна.
Тавантолгой ХК-ийн орд нийт 213.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүний 97.7 хувийг коксжих нүүрс, 1.3 хувийг эрчим хүчний нүүрс, 0.9 хувийг исэлдсэн нүүрс эзэлдэг байна. 2015-2023 онд нийт 22.9 сая тонн нүүрс олборложээ.
Энэ хэсэгт УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагджээ. Тэрбээр “Нүүрсний сонсгол чухал ач холбогдолтой. Энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжилд ач холбогдолтой онцгой үйл явдал.
Тэнд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхай Монголын эдийн засгийг авч явж байгаа. Монголын экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. Үүний 90 хувийг Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Энэ олон уурхай дотор хамгийн жижиг, цэг нь 0.4 хувь нь орон нутгийн өмчит Тавантолгой ХК ажиллаж байгаа.
Өмнөговьчууд энэ уурхайгаа ажиллуулж, ногдол ашгаар нь бүтээн байгуулалтаа хийдэг. Улсын төсөв батлахад Өмнөговь аймагт хамгийн бага 33 тэрбум төгрөг тавьсан. Хамгийн бага хөрөнгө оруулалт хийлээ гэж өмнөговьчууд хэзээ ч гоншигнож байгаагүй. Гадна, дотны хөрөнгө оруулагчдад хэзээ ч хориг тавьж байгаагүй. Харин Тавантолгой ХК дээр өөрсдийнхөө боломжийг шавхаж ажиллаж ирсэн.
Энэ уурхай 2004 онд Монгол Улсын нүүрсний экспортыг эхлүүлсэн. Тэр үед нүүрс үнэгүй байсан. Өмнөговьчууд, Өмнөговийн залуус 25 сая $-аар Тавантолгой Транс ХХК-ийг байгуулж, хамгийн анхны экспортыг хийсэн. Монголын нүүрсийг үнэтэй болгохыг өмнөговьчууд хийсэн.
Тавантолгой ХК-ийн зах зээлийн үнэлгээ 700 гаруй тэрбум төгрөгт хүрч, хувьцааны үнэ 13 500 төгрөг болсон.
Хянан шалгагч, шинжээч нар долоон хоногийн дотор сайн ажиллажээ. Гэхдээ энд худал мэдээлэл, гүтгэлэг байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Монголчууд бид цөөхүүлээ. Нэгнийхээ нэрийг барж, нэгнээ муулж, Монгол хөгжих үү. Олны өмнө намайг хулгайч, худалч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй шүү.
Олборлолт чухал. Гэтэл өнөөдөр 1мкуб хөрсийг ямар зардлаар хуулсныг яагаад тавихгүй байгаа юм бэ. Бид хамгийн хямд үнээр хөрс хуулалт хийдэг байсан. БЭТ томилогдож, 2023 оны 04 дүгээр сараас тендер зарлаж, үнийг 45-50 хувь нэмсэн. Өмнөговийн компниудыг туслах болгож, Улаанбаатарын том компаниуд орсон. Үүнийг шалгасан уу?
Хэдийгээр миний гишүүний бүрэн эрхийг хаасан ч би өмнөговьчуудтай холбогдож, ярьдаг. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулж байгааг хэлдэг. УИХ-д хамгийн сайн хүмүүсээ томилж, Монголын хөгжлийг ярьдаг газар гэж монголчууд бодож, өмнөговьчууд хардаг. Гэтэл яагаад төрийн эрх барих дээд байгууллагыг хүн айлгасан, байцаан шийтгэх маягтай болгож байна вэ?
Би худлаа ярьж, хулгай хийгээгүй. Би үүнийг өмнөговьчууддаа итгэл дүүрэн хэлнэ. Бүгдийг айлгаж, дарах асуудал байж болохгүй" гэсэн байр суурийг илэрхийлэв.