Оросын цэргүүд олзонд бууж өгсөн Украины цэргүүдийг буудаж байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Энэ дүрс бичлэг гарсны дараа Украины эрх баригчид ОХУ-ыг дайны хууль болон олон улсын эрхзүйг зөрчсөн хэмээн буруутгасан байна.
Үйл явдлыг тодруулбал, Телеграм дахь DeepState суваг Оросын цэргүүд хоёр нуувчнаас гарч ирсэн хоёр хүнийг буудаж байгаа бичлэгийг байршуулжээ. Энэ үйл явдал Оросын цэргүүд Украины 45 дугаар буудлагын батальоны байршил руу хүрсний дараа Донецк мужид болсон аж. Сумны нөөцгүй үлдсэн Украины зэвсэгт хүчний цэргүүд бууж өгөхөөс аргагүй болсон ч тэднийг Оросын цэргүүд буудан хөнөөсөн байна.
Энэ дүрс бичлэг гарсны дараа Украины Зэвсэгт хүчин мэдэгдэл гаргаж, ОХУ-ыг дайны хууль болон олон улсын эрхзүйг зөрчиж байгаад буруутгажээ.
"Энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй. Бүхий л нотлох баримтуудыг дайны гэмт хэргийг шалгадаг олон улсын зохих байгууллагуудад хүлээлгэн өгнө" гэж Украины Зэвсэгт хүчний төлөөлөгч Александр Штупун мэдэгджээ.
Түүнчлэн Украины Дээд радын Хүний эрхийн асуудал хариуцсан албан тушаалтан Дмитрий Лубинец болсон хэрэгтэй холбоотой мэдэгдэл хийж, Оросын цэргүүд олзонд бууж өгч байгаа цэргүүдийг буудан хөнөөсөн нь алан хядах ажиллагаа, олон улсын эрхзүйг ноцтойгоор зөрчсөн хэрэг хэмээн онцолсон байна. Мөн 12 дугаар сарын дөрөвний өдөр энэ асуудлаар Улаан загалмай, НҮБ-д хандахаар болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |