Энэтхэг "Рапунзел" Смита Сривастава өдгөө 46 настай. Тэрбээр 14 настайгаасаа хойш үсээ огт тайраагүй гэнэ. Тиймдээ ч үсээ урт ургуулж, дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй гэж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.
Сриваставагийн үс 2,3 метр урттай. Ээж нь урт эрүүл сайхан үстэй байсан нь бүсгүй үсээ ургуулах сэдэл болсон гэнэ. Түүнчлэн 1980-аад оны үеийн Энэтхэг жүжигчдийн урт үсийг дуурайн ургуулах хүсэлтэй байжээ.
"Энэтхэгийн соёлд эмэгтэй хүний төрхтэй бурхад маш урт үстэйгээр дүрслэгддэг. Манайд үсээ тайрахыг сайшаадаггүй, тиймээс бүсгүйчүүд үсээ ургуулдаг. Урт үс эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгон харуулдаг юм" гэж Сривастава өгүүлснийг Гиннесийн дээд амжилтын номын сайт дамжуулсан байна.
Хэдийгээр эрүүл урт үстэй болж, Гиннесийн номонд бүртгэгдэх нь сайхан ч энэ үсээ арчилахад тун бэрхшээлтэй байдаг аж.
Сривастава долоо хоногт хоёр удаа үсээ угаадаг, үсээ угаах, хатаах, сүлжихэд нийтдээ гурван цаг зарцуулдаг гэнэ. Зөвхөн үс угаахад л 30-45 минут шаардагдаж, дараа нь алчуураар арчин хатааж, гараараа самнахад хоёр цаг зарцуулдаг байна.
Хэдийгээр үсээ арчлахад хүндрэлтэй байдаг ч Сривастава үсээ тайрах талаар огт бодохгүй байгаа, цаашид ч чадлаа хүрч байгаа үедээ үсээ ургуулсаар байна гэж өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |