Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторитой танилцлаа.
Уулзалтаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр, СХЗГ-ын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа болон лабораторийн шинжээч нартай тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм.
Тодруулбал, СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр "Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөнөөр Нийслэлийн төв лаборатори Стандарт, хэмжил зүйн газарт шилжин ирсэн. Тус лабораторийн хувьд тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх зэрэг асуудал бий. Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техникийн бааз суурийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа" хэмээн хэллээ.
Харин Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа "Манай лаборатори нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм. Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, урсгал засвар үзлэг хийх төсөв тавигддаггүйгээс нийт төхөөрөмжийн 85.5% нь ашиглалтын шаардлага хангахгүйд хүрч зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болсон" гэлээ.
Түүнчлэн лабораторийн шинжээчид "Тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, барилгын бүтээц, халаалт, химийн лабораторийн татах (сорох) шүүгээ зэрэг ажиллах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна" хэмээн санал хүсэлтээ хэлэв. Нийслэлийн лаборатори нь нийслэлийн хүн амыг хүнсээр хангаж буй бүх үйлдвэр, үйлчилгээний газар, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орчны бохирдлын шинжилгээг хийдэг юм.
Тодруулбал:
- Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоолны газрууд
- Импортын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн
- Чийрэгжүүлэх буюу саун, бассейн, урьдчилан сэргийлэх байгууллагууд
- Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд
- Усан хангамж, нийгэм хангамжийн объектууд
- Улаанбаатар хотын ойролцоох булаг шанд, гол горхи, хөрсний ус зэрэг шинжилгээ хийж байна.
Мөн хими, хор судлалын лаборатори, микробиологийн лаборатори гэсэн 2 үндсэн том лаборатори, 14 нэгж лаборатори ажилладаг. Нийслэл, Багануур, Налайх гэсэн 3 салбарт нийт 47 гаруй ажилтантай бөгөөд нарийн мэргэжлийн химич технологич, судалгаа шинжилгээний мэргэжилтнүүд байна.
Уншиж байна |