Израил: Байлдааны ажиллагаа сэргэсэн
2023-12-01

ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсаны эцэст олзны хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор түр хугацаанд гал зогсоох шийдвэр гаргаж, энэ хугацааг хоёр болон нэг хоногоор тус тус сунгаж, 12 дугаар сарын нэгэнд шилжих шөнө эвлэрлийн хугацаа дууссан юм.

 

Хэдийгээр талууд дахин нэг хоногоор эвлэрлийг сунгахаар тохиролцсон гэж АНУ-ын хэвлэлүүд Египетийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байсан ч хоёр тал үүнийг албан ёсоор батлаагүйн дээр Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт гал нээж байгаа талаар Аль Жазира телевиз мэдээлсэн юм.

 

Израил байлдааны ажиллагаагаа сэргээсэн талаар ЦАХАЛ ч албан ёсоор мэдээлсэн байна. "Бид байлдааны ажиллагаагаа бүрэн сэргээж байна" гэж ЦАХАЛ-ын төлөөлөгч "Галей ЦАХАЛ" радиостанцаар мэдэгджээ. Түүнчлэн олзны хүмүүсийг чөлөөлөх хэлэлцээ явагдахгүй байгаа, 12 дугаар сарын нэгний өдөр суллах олзны хүмүүсийн жагсаалтыг ХАМАС гаргаж өгөөгүй гэж тэрбээр онцолсон байна.

 

Энэ мэдэгдэл гарахаас өмнө Израилын арми ХАМАС хэт даврагч хөдөлгөөнийг эвлэрлийн горимыг зөрчсөн хэмээн буруутгаж, Газын зурваст байлдааны ажиллагааг сэргээнэ гэж мэдэгдэж байв. Үүний дараахан Газын зурваст агаарын түгшүүрийн дохио дугарч эхэлсэн гэж Аль Жазира мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин