Олон улсын ЛГБТ хөдөлгөөнийг экстремист байгууллага гэж хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын Хуульзүйн яамны нэхэмжлэлийг ОХУ-ын Дээд шүүх пүрэв гарагт хянан үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргажээ.
"Олон улсын ЛГБТ хөдөлгөөнийг экстремист байгууллага гэж хүлээн зөвшөөрч, энэ хөдөлгөөний үйл ажиллагааг Орос улсын нутаг дэвсгэр дээр хориглосугай" гэж шүүхийн шийдвэрт тусгасан талаар Интерфакс мэдээлсэн байна.
Энэ шүүх хурал хаалттай горимоор явагдсан, мөн шүүхийн шийдвэр хараахан нийтлэгдээгүй байгаа аж.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт гарсан шүүхийн шийдвэр нь "иргэдийн хувийн амьдралд хамаарахгүй, хуулийн ямар нэг сөрөг үр дагавар үүсгэхгүй" гэнэ. Өөрөөр хэлбэл ЛГБТ хөдөлгөөнийг хориглосноор ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн хувийн амьдрал, асуудалд оролцохгүй аж.
Гагцхүү ЛГБТ хөдөлгөөнийг сурталчлах, энэ хөдөлгөөнд бусдыг татан оролцуулахыг хориглох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |